Манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс 8 хувиар өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ цаг үед МУИС-ийн багш, ажилтан, суралцагсад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэж байна.
Өнөөдөр хичээлийн 4 дүгээр байранд болсон өдөрлөгийн нээлтэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах менежер С.Нандинцацрал, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Чингэлтэй дүүрэг дэх хороон дарга Ганчимэг болон МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга, д-р М.Эрдэнэчимэг нар үг хэлж өдөрлөгтөө идэвхтэй оролцож, хүнлэг ариун үйлсэд нэгдэхийг уриалан, цусаа бэлэглэсэн нийт багш, ажилтан, суралцагсдадаа талархал илэрхийлэв.
Нээлтийн ажиллагааны үеэр олон удаа цусаа бэлэглэж, зохих болзлыг хангасан доноруудад хүндэт донорын тэмдэг, батламж гардуулан талархал илэрхийлэв. Үүнд:
- Донор 30 тэмдэг, батламжийг ШУС-ийн ХУС-ын салбарын Багш, нийгмийн ухааны боловсрол/Түүх хөтөлбөрийн суралцагч Ц.Наранхүү
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирлын нэрэмжит шагналаар МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, ОУХНУС-ийн суралцагч Т.Чинзориг нарыг шагнаж, талархал илэрхийлэв.
Маргааш МУИС-ийн хичээлийн 5 дугаар байрны 2 давхарт 08:30 цагаас 13:00 цаг хүртэл Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нар ажиллана.
Сар бүрийн 3-ны өдөр “Цусаа бэлэглэх өдөр” тул Та цусаа хандивлаж бусдад АМЬДРАЛ бэлэглээрэй
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС