МУИС-ийн Биологийн тэнхимийн оюутнууд олон улсын цахим семинарт оролцлоо

Share Button
МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн оюутнууд 2015 оноос эхлэн Сакура Сайнс Солилцооны Хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 10 оюутан уг хөтөлбөрийн хүрээнд Японы Осака Их Сургуульд богино хугацааны сургалтанд хамрагдсан байна.
2020-2021оны хичээлийн жилийн хувьд Дэлхий нийтийг хамраад буй Корона вирусийн халдварт цар тахлаас хамааран уг хөтөлбөр цахим семинар хэлбэрээр 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд “Японы ферментацийн технологи” сэдвийн дор зохион байгуулагдлаа.
Тус семинарт Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн 3, 4 дүгээр түвшний оюутнууд болон, магистрант, докторант нийт 30 оюутан оролцсноос гадна Бруней, Камбодж, Индонез, Лаос, Малайз, Тайван зэрэг улсын 70 гаруй оюутнууд оролцов.
Семинараар Японы ферментацийн технологийн хөгжлийн түүх, өнөөгийн байдал, судалгааны орчин үеийн арга, үр дүн, технологи ба инноваци, ферментацийн технологийн хэтийн төлөвийг багтаан Осака Их Сургуулийн судлаач, профессорууд болон Японы технологи хөгжүүлэлтийн компанийн (R&D company) төлөөллүүд илтгэл тавив. Мөн 2 дахь өдрийн семинарын дараа урьдчилан сонгогдсон оюутнууд (Биохими, Биотехнологий хөтөлбөрөөс бакалвр, магистр, докторын шатлалын 7 оюутан) Осака ИС-д суралцаж буй магистр, докторын оюутнуудтай тусгай өрөө үүсгэсэн уулзалт зохион байгуулагсан юм. Уг уулзалтаар тухайн гадаад оюутан өөрийн судалгааны чиглэл ажил, лабораторийн хамт олон, Япон дахь оюутны амьдралын тухай илтгэлээр танилцуулан, оролцогчдын асуултанд хариулж, чөлөөтэй халуун дулаанаар ярилцацгаалаа.

Дашрамд дурдахад МУИС-ийн 2015 оны төгсөгч Б.Долгормаа, 2018 оны төгсөгч М.Номин нар Японы Засгийн газрын тэтгэлгээр Осака Их Сургуульд масгистр, докторын шатлалд суралцаж байна. Б.Долгормаа нь Сакура Сайнс Хөтөлбөрт Биотехнологийн хөтөлбөрөөс 2015 онд анх хамрагдаж байсан бөгөөд энэ удаагийн семинарын хоёр дахь хэсэгт өөрийн судалгааг танилцуулж, зохион байгуулалтад оролцжээ. Эцэст нь хоёр өдрийн семинарт идэвхтэй оролцсон нийт оюутнууд болон зохион байгуулалтад ажилласан багш ажилчдадаа талархал илэрхийлье.

Биохими, Биотехнологийн хөтөлбөрийн хамт олон
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар