Өнөөдөр /2021.04.05/ МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг “МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах гэрээг сунгаж гарын үсэг зурлаа. МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг хэлсэн үгэндээ “Тогтвортой хамтын ажиллагаа гэдэг хамгийн чухал. Тийм учраас бид ахмад багш, ажилтны нэгдсэн холбоотойгоо гэрээгээ сунгаж үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Нэгжүүдийн төлөвлөгөөнд байгаа ахмад багш, ажилтнуудад чиглэсэн үйл ажиллагааг МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоонд төвлөрүүлэн ажиллах, ахмад, багш ажилтнуудынхаа бүртгэлийг цэгцлэх зэрэг хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” гээд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан нэг дор цуглах хүний тоог хязгаарласан тул МУИС-ийн Захиргааны зөвлөлийн гишүүд уг үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээр оролцож чадаагүйг тэмдэглээд цаашид ахмад, багш ажилтнуудаа дэмжин ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.