АНУ-ын Сейнт Жонсын их сургуулийн (St. John’s University) профессор, доктор Жей Натаны (Jay Nathan) Mongolia at the crossroads: Managing economy through global engagement /Уулзвар дээрх Монгол Улс: Олон улсын харилцаагаар дамжуулан эдийн засгаа удирдахуй/ номын цахим нээлт 2021 оны 5 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Профессор Жей Натан нь АНУ-ын Фулбрайтын тэтгэлгээр 2008, 2016 онуудад Монгол Улсад ирж судалгааны ажил хийж, илтгэл, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байсан бөгөөд Монгол Улсад ирж ажиллахдаа Монгол Улсын Их Сургууль болон Үндэсний Статистикийн хороонд бизнесийн соёл, стратегийн менежментийн чиглэлээр ажиллаж Монголын эдийн засаг, бизнесийн тухай судалсан байна. Тэрбээр “Би аливаа улсын бизнес, эдийн засгийн хөгжилд тухайн улсын түүх, газар зүй, соёлын онцлогууд хэрхэн нөлөөлөхийг судлах сонирхолтой бөгөөд Монгол Улс надад маш сонирхолтой санагддаг” гэж хэлжээ. Ийнхүү түүний Монголын тухай хийсэн урт хугацааны судалгааны ажлын үр дүн болж Mongolia at the crossroads: Managing economy through global engagement /Уулзвар дээрх Монгол улс: Олон улсын харилцаагаар дамжуулан эдийн засгаа удирдахуй/ ном хэвлэгдэж байна.
Энэхүү шинэ номд далайд гарцгүй, ОХУ, БНХАУ гэсэн хоёр улсаар дэлхийн эдийн засаг, улс төрөөс газар зүйн хүрээнд тусгаарлагдсан ардчилсан Монгол Улсад тулгарч буй эдийн засгийн сорилт бэрхшээл болон түүнийг даван туулж буй байдлыг өгүүлжээ. Мөн Монгол Улс Эзэн Чингис хааны байгуулсан Эзэнт гүрний үеэс өвлөн ирсэн түүх, соёлын онцлог, нөөц, гадаад харилцааны бодлого зэргийг онцлон тусгасан байна.
Түүний МУИС-тай хамтран ажиллаж ирсэн туршлага болон Монголын тухай судалгааны ажлын үр дүнг үнэлж МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Б.Очирхуяг, ШУС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг, ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ч.Ганзориг, ХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нарномын цахим нээлтэд оролцсон юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС