Эмгэнэл | Ядамын Дэмбэрэл /1926-2021/

Share Button

ЭМГЭНЭЛ

ЯДАМЫН ДЭМБЭРЭЛ

(1926-2021)

Монгол Улсын Их Сургуулийн ахмад ажилтан Ядамын Дэмбэрэл 2021 оны долдугаар сарын 14-ний өдөр таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр 1926 онд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт төрж, улмаар Батсүмбэрийн сургуулийг төгсөж, 1940-1945 онд Баянцогт суманд шинэ үсгийн багшаар, 1946-1951 онд Дотоодыг Хамгаалах Яаманд аж ахуйн нярав, 1951-1993 онд МУИС-д оюутны байрны эрхлэгчээр ажилласан, ахмад дайчин, боловсролын үйлчилгээний хүндэт ажилтны нэг байлаа.

Я.Дэмбэрэл нь МУИС үүсэж байгуулагдсан эхэн үеэс эхлэн тус сургуулийн захиргаа, аж ахуйн хэлтэст гадаад мэргэжилтний болон оюутны дотуур байрны эрхлэгчээр тасралтгүй 44 жил ажиллахдаа сургуулийн материаллаг баазыг бүрдүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллаж, тус сургуулийн хичээлийн III байр болон оюутны I ба II байрыг шинээр барьж байгуулах ажлыг хариуцан, удирдан зохион байгуулж, ашиглалтанд хүлээлгэн өгч, сургалтын орчинг бүрдүүлж, хөгжин өргөжихөд өөрийн ажил үйлс, авъяас билгээ зориулан ажилласан билээ.

Я.Дэмбэрэл нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон тул Цэргийн гавьяаны одон, Чөлөөлөх дайны  ялалтын түүхт  60, 65,70, 75 жилийн ойн медаль, Оросын Холбооны Улсын Эх орноо чөлөөлөх дайны түүхт 70, 75 жилийн ойн медалиудаар шагнагдсан төдийгүй, ахмад дайчин гэсэн эрхэм хүндэт цол тэмдэг хүртсэн.

Түүний боловсролын салбарт олон жил үр бүтээлч, хичээл зүтгэлтэй ажилласныг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, “Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан”, МАН-ын Тусгаар тогтнолын одон”, 100 жилийн ойн медаль зэрэг одон медалиудаар шагнасан.

МУИС-ийн ахмад ажилтан Я.Дэмбэрэл амьдралын их далайд дөнгөж хөл тавьж буй оюутан залуусыг өөрийн үр хүүхдээс ялгалгүй санаж, тэдний ирээдүйг үргэлж зөв замд чиглүүлэн халуун, дулаан сэтгэлээр ханддаг энэрэнгүй сэтгэлтэн гэдгээрээ олондоо нэртэй байлаа.

Я.Дэмбэрэлийн Монгол Улсын дээд боловсрол, МУИС-ийн төлөө хийж бүтээсэн үйл хэрэг, энгүй хөдөлмөрч, шулуун шударга, хүнлэг зан чанар, элэгсэг дотно, тусархаг гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд орших болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар