МУИС-ИЙН 79 ДЭХ УДААГИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Share Button

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтан, элсэгч, суралцагчид аа!

 

Та бүхэнд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

МУИС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн зөвлөмжийг баримталж хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулж Та бүхэнтэйгээ цахимаар мэндчилж байна.

Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага, нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ болсон МУИС-ийн эрдмийн хамт олон шилдэг 3695 гаруй элсэгчээр эгнээгээ бэхжүүлж нийт 1500 орчим багш, ажилтан, 20000 орчим оюутантайгаар 79 дэх хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

2021-2022 оны хичээлийн жилд шинэ элсэгчээ хүлээн авч хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлүүлж буй энэ мөчид МУИС-ийг сонгон, элсэн суралцаж байгаа элсэгчдэдээ баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье!

Дэлхий нийтийн хэмжээнд тохиолдоод буй цар тахлын улмаас их, дээд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан МУИС-ийн танхимын хичээл цахим хэлбэрт шилжиж багш, оюутны хувьд шинэ сорилтыг хамтдаа даван туулж, бие даан суралцах ур чадварыг эзэмшиж байна.

Цахим сургалтад хүчин чармайлт гарган хичээлүүдээ цахим хэлбэрт шуурхай шилжүүлэн ажиллаж байгаа МУИС-ийн нийт багш нар, цахим хичээлдээ шамдан, бие даан суралцах чадварыг тодорхой хэмжээнд эзэмшин, амжилттай суралцсан суралцагчид, Та бүхэндээ талархал илэрхийлье.

Манай хамт олны сургалт судалгаа, эрдэм шинжилгээ инноваци, дэд бүтцийн үзүүлэлт тасралтгүй өсөн нэмэгдэж, олон шинэлэг  нааштай  өөрчлөлтүүд бий болж байгааг шинэ хичээлийн жилийн босгон дээр та бүхэндээ албан ёсоор хэлж байгаадаа баяртай байна.

Ганцхан жилийн дараа МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохионо. Энэхүү тэгш ойг угтан МУИС-ийн багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт, судалгааны баазыг бэхжүүлэх хэд хэдэн ажлыг эхлүүллээ. Тухайлбал, Багш, ажилтнуудын үйлчилгээний төв, орон сууцны барилга, хичээлийн байрыг өргөтгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлын эхлэл тавигдлаа.  МУИС-ийн эрдмийн хамт олон түүхт ойгоо хичээл сурлага, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтаар тосон авна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эрдмийн хэтийг цахиж Хөгжлийн галыг бадраагч нийт эрдэмтэн багш, ажилтан, Монголын ирээдүй болсон МУИС-ийн нийт оюутан суралцагчдадаа сургалт, судалгааны өндөр амжилт хүсэн ерөөе!

МУИС-ийн захирлын албан үүргийг

түр орлон гүйцэтгэгч, доктор

МУИС-ийн захирал Б.Очирхуягийн гарын үсэг

Б.Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар