Олон Улсын Ахмадын баярын мэндчилгээ
Эрдэм мэдлэгийн эх ундарга болсон Монгол Улсын Их Сургуулийн ахмад багш, ажилтан та бүхэнд Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргалтай, урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Мөн Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны түүхт 80 жилийн ой 2022 онд болно. Гүн хүндэтгэлт ахмад эрдэмтэн багш, ажилтан та бүхэн орчин цагийн боловсролын салбарын хөгжлийн дийлэнх хугацаанд шинжлэх ухаан, дээд боловсролын үрийг тарьж, өдгөө ч эрдэм мэдлэгийн охь шимийг ирээдүй хойч үеийнхэндээ хүртээсээр байгаад талархаж байна.
Манай улсын шинжлэх ухаан, дээд боловсролын хөгжил нь МУИС-ийн ахмад эрдэмтэн багш, ажилтан та бүхэнтэй салшгүй холбоотой.
Улс орны өмнө тулгамдаж буй олон асуудалд суурь судалгаа хийн, гарц, шийдлийг дэвшүүлж, ончтой шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн та бүхний сайн туршлага, зөв бодлогыг цааш үргэлжлүүлэн нэр төртэй авч явах нь Монгол Улсын Их Сургуулийн үндсэн зорилгын нэг юм.
Монгол Улсын Их Сургууль ахмад эрдэмтэн багш нарынхаа мэдлэг, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зэрэг олон чиглэлээр МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбоотой хамтран, дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Их сургуулийн эрдмийн элч, мэдлэгийн түүчээ эрдэмтэн багш, ажилтан та бүхнийг номын цагаан буян өнөд ивээх болтугай.
МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор
Б.Очирхуяг