ЭМГЭНЭЛ
Жүгдэрийн Лувсандорж
/1939-2021/
МУИС-ийн ахмад багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Жүгдэрийн Лувсандорж 2021 оны 10 сарын 11-ний өдөр өвчний улмаас таалал төгслөө.
Ж.Лувсандорж нь 1939 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Бомбогорын өвөлжөө гэдэг газар мэндэлжээ. Улмаар төрөлх нутгийнхаа дунд сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшсэн байна. 1957-1961 онд Улсын Багшийн Дээд Сургуульд суралцан монгол хэл-уран зохиолын багш мэргэжил эзэмшээд 1961-1968 онд Архангай аймагтаа дунд сургуулийн багш, тус аймгийн Сурган хүмүүжүүлэх ухааны танхимын эрхлэгчээр ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрбээр 1968-1981, 1973-1987 он МУИС-д багш, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч, 1971-1973 онд тухайн үеийн нэрээр ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуульд монгол хэлний багш, 1987-2021 онд Чех улсын Карлын Их Сургуульд монгол судлалын профессороор тус тус ажиллаж байв.
Ж.Лувсандорж нь МУИС-д монгол хэл шинжлэлийн мэргэжлийн хичээлүүд заахаас гадна 1971 онд байгуулагдсан гадаадынханд монгол хэл заах дагнасан тэнхимийн анхны эрхлэгчээр, мөн 1980-1987 онд дахин уг албандаа томилогдон ажиллахдаа гадаадын монгол судлаач, мэргэжилтэн бэлтгэх үйлд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Энэ үедээ монгол хэлийг суралцагч гадаадынханд орчин цагийн монгол хэлний зөв дуудлагыг эзэмшүүлэх хичээлийн хэрэглэгдэхүүн болгож “Монгол авианы дуудлага” бүтээлээ хэвлүүлсэн билээ. Монгол хэлний тухайн нэг авиалбар өөр бусад ямар авиалбарын ойр дэргэд байрласан зэргээсээ шалтгаалан нэг авиалбар нь олон янзын хувилбар дуудлагатай болох эсвэл бүр өөр авиалбарын дуудлагаар илэрч болдгийг тодорхой баримт, туршилтаар тодорхойлон гаргасан тус бүтээл орчин цагийн монгол хэлний авиазүйн салбарт өдгөө ч ач холбогдолоо алдаагүй хэвээр байгаа билээ. Түүнчлэн монгол бичгийн хэлний титмийн талаарх судалгаанд зориулсан “Эртний монгол бичигт үгийн эхний алеф үсгээр ямар авиа тэмдэглэсэн бэ?” хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл нь уг асуудлын мөн чанарыг танин мэдэхэд гол тайлбар болсоор байна.
Профессор Ж.Лувсандорж ардын сурган хүмүүжүүлэх ухаан, зан заншил, бэлгэдэл, метафор сэтгэлгээний талаар олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, туурвилаа нийтийн хүртээл болгосон судлаач багш байв. Тэрбээр энэхүү олон талт мэдлэгтээ тулгуурлан монголчуудын оюуны үнэт өв Монголын нууц товчооны бүтээлийг хэл бичиг, соёлын тайлбартайгаар хэвлүүлсэн нь (2014, 2019) дотоод, гадаадын судлаачдын анхаарлыг татаж Монголын нууц товчооны үгсийг зөв унших, утгыг үнэнээр танихад чухал хувь нэмэр оруулсан бүтээл болжээ гэсэн өндөр үнэлэлт авсан юм.
МУИС-ийн ахмад багш Ж.Лувсандоржийн гэгээн дүр, эрдэм судлалын үйлсийг МУИС-ийн хамт олон, олон мянган шавь нар нь санан дурссаар байх болно.
Д.Заяабаатар, П.Дэлгэржаргал, Б.Түвшинтөгс
Монгол хэл, хэлшинжлэлийн хамт олон


