МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн 10-н жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Нийтийн Удирдлагын 7 хоног”-ийн хүндэт зочин илтгэгчээр Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Проф. Др. Д.Зүмбэрэллхам уригдан 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантуудад “Төрийн албаны шинэтгэл” сэдвээр цахим лекц уншлаа.
Проф. Др. Д. Зүмбэрэллхам Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргаар ажиллаж байсан ба төрийн албаны шинэтгэлийн талаар дагнан судалгаа хийж, эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, нийтлэл бичиж, 2020 онд “Төрийн алба: Шинэтгэлд шимтэхийн учир” номоо олон нийтийн хүртээл болгож байсны зэрэгцээ 2008, 2017 онуудад төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай.
Тэрээр Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн түүх, бодлого, тулгамдсан асуудал, сорилт боломж, төрийн албаны шинэтгэлийн олон улсын чиг хандлагын талаар танилцуулж, оролцогсдын сонирхсон асуултуудад хариулсан нь тус лекцийг онол, практик хосолсон сонирхолтой, үр дүнтэй, ач холбогдолтой болгосон юм.
Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Проф. Др. Д.Зүмбэрэллхам танд Нийтийн Удирдлагын Тэнхимийн профессор, доктор, багш, оюутнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Нийтийн Удирдлагын Тэнхим