МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимээс жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Мини НҮБ” загвар хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд 16 дах жилдээ “Ковид 19-ын үеийн хамтын ажиллагаа: Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор МУИС-ийн Номын санд зохион байгуулагдана.
Энэ жилийн загвар хуралдааныг тус сургууль байгуулагдсаны 30 жилийн ой, Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн ажлын хүрээнд, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Монгол улсын Гадаад Харилцааны яамтай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Тус хуралд Монгол улсын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 80 гаруй оюутан, сурагч 16 улсыг төлөөлөн оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудаар хуралдан хэлэлцэж, шийдэл бүхий тогтоолын төслийг батлах юм. Нийт оролцогчид Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронвируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын үеийн төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг чанд баримтлан арга хэмжээнд оролцоно.
Уг арга хэмжээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд Монгол улсын ГХЯ-ны сайд хатагтай Б.Батцэцэг, Монгол улс дах НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дах суурин төлөөлөгчид оролцоно.