“Загвар НҮБ-2021” амжилттай зохион байгуулагдлаа 

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Олон улсын харилцааны тэнхимээс жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Мини НҮБ” загвар хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд 16 дах жилдээ “Ковид 19 үеийн олон улсын хамтын ажиллагаа: Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор МУИС-ийн Номын санд амжилттай өрнөлөө.  

60 жилийн өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улс НҮБ-ын гишүүн болсон түүхтэй. Эл түүхт ойг тохиолдуулан Монгол улсын ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM Mongolia), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP Mongolia), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO Mongolia), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF Mongolia) МУИС-ийн ОУХНУС-тай хамтран зохион байгуулснаараа энэ удаагийн арга хэмжээ онцлогтой. Энэ нь мөн МУИС-ийн ОУХНУС-ийн 30 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн оюутан, нийгэмд чиглэсэн ажлын нэг хэсэг юм. 

Загвар хуралдаанд МУИС-ийн салбар сургуулиуд, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Mongolian International University зэрэг их дээд сургуулиудын оюутнууд болон “Монгол Улс НҮБ-д элссэний ач холбогдол” эссе бичлэгийн уралдаанд шалгарсан ахлах ангийн сурагчид  зэрэг 80 гаруй оюутан 16 улсыг төлөөлөн багаар оролцож, дэлхий дахинд тулгамдаад буй асуудлуудыг судлан хэлэлцсэн юм. Оролцогчдод 10 дугаар сарын 8-ны өдөр НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын мэргэжилтнүүд, 10 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн ОУХНУС-ийн багш нар чиглүүлэх сургалтыг хийсэн 


Уг арга хэмжээний нээлт, хаалтын ёслолын ажиллагаанд Монгол улсын ГХЯ-ны сайд хатагтай Б.Батцэцэг, Монгол улс дах НҮБ-ын суурин зохицуулагч ноён Тапан Мишра, МУИС-ийн ректор Б.Очирхуяг, ОУХНУС-ийн захирал С.Баттулга, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол улс дах суурин төлөөлөгчид оролцсон. 


Хоёр өдөр үргэлжилсэн загвар хуралдааныг ГХЯ-ны мэргэжилтнүүд, НҮБ-ын ажилтнууд, МУИС-ийн багш нар шүүж, нийлбэр дүнгээр Бразил улсын төлөөлөгчид болсон ЕБС-ийн сурагчдын баг тэргүүн байрт, Япон улсын төлөөлөгчид болсон МУИС-ийн ОУХНУС-ийн оюутнууд дэд байранд, Казахстан улсын төлөөлөгчид болсон МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны сургуулийн оюутнууд III байранд шалгарлаа. 

Мини НҮБ-2021 загвар хуралдааныг амжилттай зохион байгуулахад сэтгэл, идэвх, зүтгэл, оролцоогоороо тусалсан 16 улсын баг төлөөлөгчиддөө, арга хэмжээг шударга, хариуцлагатай өрнөхөд тусалсан төгсөгчиддөө, шүүгчиддээ, зохион байгуулах үйл ажиллагааг найдвартай хангаж сайн дураар ажилласан тусч, хариуцлагатай оюутнууддаа, ГХЯ-ны ажилтнууд, НҮБ-ын ажилтнууд, ОУХНУС-ийн багш ажилтнууд, МУИС-ийн Номын сангийн ажилтнууддаа талархлаа илэрхийлье. 

Нийт оролцогчид Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Коронвируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын үеийн төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах журам”, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан заавар зөвлөмжийг чанд баримталсан билээ.  

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар