“Тинк-Банк” тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа

Share Button

Монголбанкны ерөнхийлөгчийн нэрэмжит “Тинк-Банк” тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах үйл ажиллагаа /2021.10.29/ амжилттай зохион байгуулагдав.

Монгол Улсын Их Сургууль Монголбанктай эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих “Тинк банк” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилээс хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр нь эдийн засаг, санхүүгийн чиглэлээр судалгааны магистрын түвшинд суралцаж буй оюутнуудын судалгааны чанарыг сайжруулах, Монголбанкны болон хөндлөнгийн судлаачдын хамтын ажиллагааг ахиулах, судлаачдын бүтээлийг олон нийтэд түгээх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой юм.

“Тинк-Банк” тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ч.Нарантуяа, Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан, Хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат, Монголбанкны талаас, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, эдийн засагч Д.Гантогтох нарын төлөөлөл болон салбарын оюутнууд оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 4, Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн 3 магистрын түвшний оюутан сургалтын төлбөр, судалгааны бүтэн тэтгэлэгт хамрагдах болзлоо хангаж батламжаа гардан авлаа. Дашрамд дурдахад өмнөх хичээлийн жилд Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн 4, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн 1 магистрын түвшний оюутан тэтгэлэгт хамрагдсан юм.

 

Хамтын ажиллагааны хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар