Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан МУИС-ийн ОУХНУС-ийн Төрийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантуудад лекц уншлаа 

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын Тэнхимийн 10-н жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан зочин илтгэгчээр уригдан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төрийн удирдлагын хөтөлбөрийн магистрант, докторантуудад “Төрийн албаны сонгон шалгаруулалт, шалгалтын үйл ажиллагаа” сэдвээр цахим лекц уншлаа.  

Гишүүн Д.Баатарсайхан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 1996 оноос төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд референтээс эхлэн ажиллаж, өдгөө төрийн албаны шалгалтыг тусгайлан хариуцан ажиллаж байна. 

Тэрээр Монгол Улсын төрийн албаны шалгалтын түүхэн хөгжил, арга зүйн шинэчлэл, цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, төрийн албаны шалгалтыг хэрхэн ил тод, нээлттэй байдлаар зохион байгуулж буй арга, туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ төрийн албаны шалгалттай холбоотой сүүлийн жилүүдийн статистик тоо мэдээллийг хүргэсэн нь сонирхолтой байв. Төрийн албан хаагчдын хувьд төрийн албаны ерөнхий, тусгай шалгалтууд нь ажилд орох, албан тушаал дэвших, ажлын байр сэлгэх үндсэн шалгуур болдог тул төрийн удирдлагын хөтөлбөрийн ахисан түвшний оюутнуудад тус лекц практик ач холбогдол өндөр байсныг зочин илтгэгч Д.Баатарсайхан бүх оюутнуудын асуултуудад хариулахад лекцийн цаг хүрэлцэхгүй байгаагаас харагдаж байлаа.  

Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан танд Нийтийн Удирдлагын Тэнхимийн хамт олон, нийт суралцагсдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

 

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар