Эмгэнэл | Агваандоржийн Өнөржаргал /1965-2021/

Share Button

ЭМГЭНЭЛ

ПРОФЕССОР АГВААНДОРЖИЙН ӨНӨРЖАРГАЛ 

(1965-2021) 

МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Агваандоржийн Өнөржаргал  2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 

А.Өнөржаргал нь 1965  онд Улаанбаатар хотод төрж, эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1982 онд 10 жилийн 52 дугаар дунд сургууль,  1986 онд ОХУ-ын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль (хуучин нэрээр)-ийг санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн.  

А.Өнөржаргал нь их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт ерөнхий болон дотоод аудит, санхүүгийн дотоод хяналтын хичээлийг бий болгож төлөвшүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулж шинэчлэх, ном, сурах бичиг, гарын авлага зохиох ажлыг манлайлан хийж байсны зэрэгцээ 2014 онд “Компанийн дотоод аудитын онол, арга зүйн асуудал” сэдвээр бизнесийн удирдлагын доктор (PhD)-ын зэрэг хамгаалсан нь манай улсад дотоод аудитын сэдвээр бичсэн анхны диссертацийн нэг юм.  

1986-1998 онд Монгол Чехословакийн хамтарсан “Монголчехословакметалл” үйлдвэрт нягтлан бодогч, эдийн засагчаар, 1998-2000 онд “Монгол” дээд сургуульд, 2000 оноос тус сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд багшаар ажиллаж байв.  

А.Өнөржаргал нь нягтлан бодох бүртгэл, аудит, үнэлгээний мэргэжлийн үйл ажиллагааг бий болгож хөгжүүлэх, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг практикт нэвтрүүлэхэд гар бие оролцон, удирдан зохион байгуулсан энэ салбарын тэргүүлэх мэргэжилтний нэг байсан юм.  

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын гишүүнээр тус тус ажиллаж байлаа.  

Манай улсын зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд дээд боловсрол, нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээний  тогтолцоог өөрчлөн зохион байгуулах, хөгжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засгаас үнэлэн  2008 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан”, 2014 онд “Боловсролын тэргүүний ажилтан”, 2016 онд “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, 2017 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” цол тэмдгээр тус тус шагнажээ. 

Тэрээр аливаа ажилд санаачлагатай, зарчимч, аливаад чин сэтгэлээсээ шударга ханддаг, оюутан, хамт олны дунд нэр хүндтэй,  манай шилдэг эрдэмтэн багш нарын нэг байлаа. 

Таны минь алиа хошин, нөхөрсөг, хөдөлмөрч гэгээн дүрийг тань  хамт олон, найз нөхөд, үе үеийн шавь бид бүхэн чинь сэтгэл, зүрхэндээ  үүрд нандигнан дурсаж явах болно.   

 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ 

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар