Оюутан, залуусыг Ковид 19-ийн эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулах зорилготой дархлаажуулалтын явуулын цэг МУИС-д гурван өдөр ажиллалаа. 2021 оны 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд явуулын цэг МУИС-д ажиллахаар төлөвлөсөн ч оюутан залуусын хүсэлтээр ажиллах хугацааг нэг өдрөөр сунган нийт гурван өдөр МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудыг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулсан юм. Гурван өдрийн хугацаанд нийт 1700 гаруй оюутан залуус вакцины 3-р тунд хамрагдсан байна.
Вакцинжуулалтын хоёр дахь өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэмэлт тунд хамрагдаж буй МУИС-ийн оюутнуудтай уулзаж нэмэлт тунгийн ач холбогдлын талаар ярилцаад оюутнуудыг манлайлан вакцинд хамрагдаж буй оюутнуудад өөрийн номын дээжээсээ бэлэглэв. Мөн вакцины 3-р тундаа хамрагдаж буй оюутан залуусд талархал илэрхийлж, оюутнууд маань дан ганц өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бус найз нөхдүүд, эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийн төлөө 3-р тундаа хамрагдаж байгааг онцлоод хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимаар хослон орж байгаа нь вакцины үр нөлөө гэдгийг тэмдэглэн хэлж байлаа.