Монгол улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойн хүрээнд “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр улсын парламентийн дэд дарга нарын ивээл дор 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн захирал Б.Очирхуяг болон холбогдох нэгжийн төлөөлөл, БНПУ-ын талаас Сеймийн дэд маршал эрхэмсэг хатагтай Малгожата Гошевска, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко болон тус улсын Уур амьсгал, байгаль орчны яам, улсын геологийн алба, академи болон бусад их сургуулиудын төлөөлөл оролцлоо.
Хурлын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт хэрхэн идэвхтэй хөгжиж буй талаарх эрдэмтэн, судлаачдын сонирхолтой илтгэлүүдийг монгол, польш, англи хэл дээр сонсож, хэлэлцүүллээ.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хэлсэн үгэндээ хоёр орны ард түмний найрсаг харилцаа, улс орны түүхэн хөгжлийн талаар дурьдаад сүүлийн жилүүдэд улс төр, батлан хамгаалах, боловсрол, нийгмийн хамгаалал, худалдаа, эдийн засгийн салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаа мөн хоёр орны найрсаг харилцааны хүрээнд Польш улсын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр идэвхитэй хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдийн хүрээнд идэвхитэй харилцаа холбоо тогтоох, тэдгээрийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг балансыг тэнцвэржүүлэх зэргээр талууд харилцан ашигтай хэлбэрээр хамтын ажиллагааг идэвхижүүлэхэд хоёр тал идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Энх-Амгалан “Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох үеэрээ тус улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскатай уулзаж, хоёр улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал солилцлоо. Тэрээр Монгол, Польшийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр жил бүр суралцах иргэдийн тоог 22-оос 40 хүртэл нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсан бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан 1+3, 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих, хамтарсан судалгаа хийх зэрэг чиглэлээр ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулсан МУИС-ийн ОУХНУС, ШУС-ийн Европ судлалын тэнхим болон БНПУ-ын Элчин сайдын яаманд талархал илэрхийлье.
Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд дараах илтгэлүүд тавигдлаа. Үүнд:
- Профессор Ж.Урангуа (МУИС) – “Польш дахь Монгол судлал”
- БНПУ-ын Уур амьсгал, байгаль орчны дэд сайд, Улсын Ерөнхий геологич, Геологи, уул уурхай, ашигт малтмалын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Пиотр Джиаджио – “Польш-Монголын геологийн салбарын хамтын ажиллагаа”
- МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн Проф.Ж.Баттөр – “Польшийн зөөлөн хүчний өв Монголд: Кино болон утга зохиолын талаарх зарим ажиглалт”
- МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Др.Ж.Баттогтох – “Монгол, Польшийн хоёр талын гэрээ хэлэлцээрт дүн шинжилгээ хийх нь”
- ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрхлэгч др.Т.Билэгсайхан – “Польш дахь Монголын түүх, антропологийн судалгаанд холбогдох зарим эх хэрэглэгдэхүүн”
- Польш Улсын Геологийн алба – Улсын Судалгааны хүрээлэнгийн шинжээч, Проф. Антони Вуйчик – “Польшийн геологичдын Монгол дахь оролцоо”
- Гданьск хотын Дүрслэх урлагийн академи профессор Славомир Витковски – “Анжей Струмилло. Дорнын лекц”
- Польшийн Цэргийн академийн Хурандаа Яцэк Ионак “Цэргийн ажиллагаанд хандах польшийн хандлага”
- Польшийн Цэргийн академи, Томаш Дептула “Ази, Төв Европын аюулгүй байдлын хэтийн төлөвт дүн шинжилгээ хийх нь”
- БНПУ-ын Сеймийн дэд маршалын зөвлөх Мажэна Чихожэвска “Польш, Монгол дахь байгууллагуудын олон талт менежмент”
- БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко “1241-2021 онууд дахь Польш-Монголын харилцаа”
- Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Олон улсын харилцааны тэнхимийн ахлах багш Г.Баасанхүү “Жижиг улсын гадаад бодлогын онцлог: Монгол, Польшийн жишээн дээр”
Цахим илтгэлүүд (8):
- Варшавын Их Сургуулийн Проф. Мачией Раш “Пара дипломат ёсыг хэрхэн судлах вэ? Орон нутгийн, бүс нутгийн төрийн байгууллагуудын олон улсын үйл ажиллагааны талаарх судалгааны боломж, хязгаарлалт”
- Варшавын Их Сургуулийн Др. Агниешка Бейма – “Даяаршиж буй ертөнц дэх иргэний оролцоо – Польш-Монголын хамтын ажиллагаа”
- Варшавын Их Сургуулийн Проф. Пиотр Заленски “Чингисүүд Казах ханлигуудын эрх мэдлийн системд – Орчин үеийн казах сургуулийн түүхийн сурах бичгүүдэд хийсэн дүн шинжилгээ”
- Варшавын Их Сургуулийн Проф. Лукаш Заменцки “Азийн улс орнуудад чиглэсэн БНХАУ-ын бодлого
- Люблин хотын Политехникийн их сургуулийн профессор dr hab. Барбара Мазур “Олон талт менежмент нь байгууллагад хэрхэн ашигтай байх нь”
- Люблиний технологийн их сургуулийн профессор Магдалена Рцмениак, Марта Колева Виктор “Шинжлэх ухааны чанарын болон менежментийн үйл ажиллагааны сорил”
- Лужийн их сургуулийн dr hab.Рафал Матера, dr hab. Tomasz Urysze “UŁ болон Ek-Soc – Их сургууль болон тэнхмийн үйл ажиллагаа, сорил бэрхшээл
- Сэтгүүлч Ячек Пержински “Маколич тосгон дахь монголын ул мөр”
МУИС дахь польш судлалын салбарын хөгжлийн тухай
Монгол Улсын Их Сургууль 1992 онд польш хэлний ангид анх оюутан элсүүлжээ. 2016 он хүртэл польш хэлний ангийг 87 оюутан төгсөж польш хэл, орон судлаач мэргэжил эзэмшин диплом гардан авчээ.
Монгол улс, Бүгд Найрамдах Польш Улсын хооронд соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн дагуу БНПУ-ын засгийн газрын тэтгэлгээр Слав судлалын тэнхимийн польш хэлний ангийн 12 оюутан 2007 онд дипломын өмнөх хэлний дадлагаа Польшийн Познань хотын Адам Мицкевичийн нэрэмжит их сургуульд бүтэн семестр, мөн польш хэлний дараачийн элсэлтийн 11 оюутан 2009-2010 оны хичээлийн жилд Польшийн Катовице хотын Шлёнскийн их сургуульд бүтэн семестр тус тус хэлний дадлага хийжээ.
Слав судлалын тэнхимийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, польш хэлний ангийг тохижуулах, ном сурах бичгээр хангахад Монгол Улсад суугаа БНПУ-ын Элчин сайдын яам, ялангуяа польшийн үе үеийн элчин сайд нар ноён Станислав Годжиньки, Кшиштоф Дембницки, Збигнев Кулак, Тадеуш Хомицки нар үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байжээ.
Польшийн Катовице хотын Шлёнскийн их сургууль манай оюутнуудыг польш хэлний зуны сургалтад хамруулж, польш хэлний ангийг Европын Холбооны стандартын дагуу бэлтгэсэн ном, сурах бичгээр тогтмол хангаж байгаагийн зэрэгцээ 2012 онд польш хэлний ангийг амжилттай төгссөн 2 хүнийг магистрын сургалтад тэтгэлгээр суралцуулсан.
БНПУ-аас мэргэжилтэн багшаар 2007-2008 оны хичээлийн жилд Агнешка Рончка, 2008-2009 оны хичээлийн жилд Люцина Мочек, 2009-2011 оны хичээлийн жилд Юстина Яшиулевич нарыг тус тус урьж ажиллуулсан бөгөөд 2012-2014 онд багш Катажина Шивчик, одоо 2018-2019 оны хичээлийн жилд Ионна Вечорок нар ажилласан.
1999 онд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Багабанди БНПУ-д, 2008 онд БНПУ-ын ерөнхийлөгч Лех Качиньски Монголд төрийн дээд айлчлал хийсэн ба БНПУ-ын ерөнхийлөгч Лех Качиньски МУИС-ийн хүндэт доктор болжээ. Польш хэл судлалын салбарыг авч явахад ахмад дипломатч Ж.Алтангэрэл багшийн хичээл зүтгэл, ажлын туршлага, мэдлэг асар их үүрэг гүйцэтгэжээ.
Польш хэл судлалыг МУИС-д хөгжүүлэхийн тулд МУИС болон Лодзийн их сургуулийн хооронд банк, санхүү, нягтлан бодохын чиглэлээр 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж, 2019 оны 6-р сард хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурахаар бэлэн болоод байна. Энэ хамтарсан хөтөлбөрийг эхлүүлснээр Польш хэлний сургалт илүү идэвхижих юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС