МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр “Логик философийн трактат” /Людвиг Витгенштейн/ бүтээлийг 100 жилийн дараа Монгол хэлэнд хөрвүүлж уншигчдын хүртээл болголоо. XX зууны аналитик философийн нөлөө бүхий төлөөлөгч, Австрийн философич Людвиг Витгенштейний “Логик философийн трактат” бүтээлийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимээс ойд зориулан номын нээлт болон “Людвиг Витгенштейн ба философийн аналитик уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2021.12.17/ зохион байгуулсан юм.
Трактат бол хэмжээний хувьд том биш, үндэслэл, тайлбарлалгүй, тунхагласан шинжтэй, 1-7 хүртэл эрэмбэлэн дугаарласан хэллэгүүдээс бүтдэг. Харин агуулгын хувьд логик, философи, мэдлэгийн онол, хэлний философи зэрэг олон салбарт хамаарах асуудлыг хөндсөн, олон янзын бүр зөрчилтэй тайлбаруудтай, үүнийхээ хамтаар философийн хамгийн халуун марган, хэлэлцүүлгийн талбар болж ирсэн бүтээл юм. Тиймээс орчуулагч зарим гол ойлголтыг онцолж зүүлт, тайлбар хийсэн байна.
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаярын Монгол хэлнээ орчуулсан “Логик философийн трактат” бүтээл философийн мэргэжлийн болон мэргэжлийн бус бүх түвшний суралцагчид болон багш, судлаачдад сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн болох болно.