МУИС-ийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Сургалтын журам нь 2015 онд батлагдан хэрэгжиж ирлээ. Энэхүү журам нь сургалтын хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэхэд гарах үйл ажиллагаа, харилцааг зохицуулах суурь журам болон хэрэгжиж байна. Энэ журмыг хэрэгжүүлэх, сургалтын үйл ажиллагааг зохицуулах явцад багш, суралцагч, бусад оролцогч талуудад журмаар зохицуулах боломжгүй тохиолдлууд цөөнгүй гарч, санал, хүсэлт, зөвлөмжүүд ирсэн. Одоогийн Сургалтын журмыг бусад сургалт, хөтөлбөр, сургалтын үйл ажиллагаатай холбогдох журмуудтай нэгтгэн “Хөтөлбөрийн журам”, “Сургалтын үйл ажиллагааны журам” болгон чиг үүргийн хувьд салган, тус бүрд нь нарийвчлан боловсруулан ажиллаж байна.
МУИС-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/86 тоот тушаалаар байгуулагдсан Сургалтын журам шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн зүгээс “Сургалтын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулан дуусгаж та бүхэнд танилцуулж байна. Эрдэмтэн багш, хөтөлбөрт оролцогч талууд та бүхэн журмын төсөлтэй танилцана уу.
“Хөтөлбөрийн журам”, “Сургалтын үйл ажиллагааны журам”-ын нэгдсэн танилцуулгыг 2021 оны 12 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд Microsoft Teams программаар 13.30-17.30 цагт хоёр удаа цахим хэлбэрээр зохион байгуулна. Та бүхнийг өөрсдийн боломжит цагт дээрх хуваарийн дагуу журмын танилцуулгад оролцохыг хүсье.
Танилцуулгын үеэр журмын үндсэн үзэл санаа, шинээр болон өөрчлөн томьёолсон зүйл, заалтуудын талаар мэдээлэл өгөх бөгөөд холбогдох заалтуудын хүрээнд тодруулга асуулт асуух боломжтой. Та бүхэн журмын файлтай эхэлж танилцан асуулт байвал танилцуулгын товлосон цагаас өмнө ажлын хэсгийн нарийн бичгийн цахим шуудан (khishignyam@num.edu.mn)-гаар дамжуулан урьдчилан өгөх боломжтой. Журмын танилцуулгын дээрх цагт журамтай холбогдох санал авахгүй бөгөөд та бүхэн саналаа тэнхим, нэгжийн хэмжээнд нэгтгэн 2022 оны 1 дүгээр сарын 7-ныг дуустал ирүүлнэ үү.
Сургалтын үйл ажиллагааны журмын ажлын хэсэг