МУИС нь 2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөндөө тус сургуульд хэрэгжүүлж буй бүх хөтөлбөрөө үндэсний хэмжээнд, шинжлэх ухаан инженерчлэлийн хөтөлбөрүүдийн 50 хувийг олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд магадлан итгэмжлэлийн мастер төлөвлөгөө гарган шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байгаа юм.
МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Бизнесийн удирдлага” докторын хөтөлбөр, ХШУИС-ийн “Цөмийн инженерчлэл” бакалаврын хөтөлбөр, ОУХНУС-ын “Олон улсын харилцаа” бакалаврын хөтөлбөр Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд өнөөдөр /2021.12.28/ Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа.
Дээрх хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан
бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхимийн нийт багш, ажилтнуудад баяр хүргэе.