Орчуулгын номын нээлт болно

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Ази Судлалын Тэнхимийн багш Э.Тогтууны орчуулсан “Лидер эмэгтэйчүүл 4.0” номын нээлт болно. Тус ном нь Японы эмэгтэй улс төрч, дипломатч Бандоо Марикогийн бүтээл бөгөөд Японы Шоова Охидын Их Сургуулиас 2019 оноос хэрэгжүүлж байгаа “Япон Монгол дахь эмэгтэйчүүлийн нийгмийн идэвхтэй оролцооны харьцуулсан судалгаа” төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг юм.

Нийгмийн янз бүрийн хүчин зүйлээс болж  ажиллах хүчний хомсдолд ороод байгаа Япон улс энэ байдлаас гарахын тулд янз бүрийн бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд түүний нэг нь охид, эмэгтэйчүүлээ нийгэмд гаргаж, ажиллуулахад анхаарч байгаа явдал билээ.

Тус номыг бичсэн Бандоо Марико нь төр засгийнхаа бодлогыг идэвхтэйгээр дэмжин ажиллаж, өөрийн ажлын туршлага дээрээ тулгуурлан, японы ажил хэрэгч эмэгтэйн дүр зураг ямар байвал нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх талаар өөрийн үзэл баримтлалаа гаргаж ирсэн ба энэ өнцөг нь уг номыг сонирхолтой болгож өгчээ. Жендэр судлал, орон судлал, соёл судлал, япон судлал гээд маш олон хүрээнд ашиглах боломжтой, өгөөжтэй бүтээл юм. Энэ онд тохиож байгаа Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил болон олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн босгон дээр номын нээлтийг хийж байгаагаараа онцлог болж байна.

Хэзээ: 2022 оны 3-р сарын 7-ны өдөр, 14.00 цаг

Хаана: Хичээлийн 2-р байрны 439 тоот өрөө

Уг үйл ажиллагааны үеэр “Япон Монгол дахь эмэгтэйчүүлийн нийгмийн идэвхтэй оролцооны харьцуулсан судалгаа” төслийн хүрээнд орчуулж гаргасан бусад номуудыг танилцуулах, тус номыг үнэ төлбөргүй тараах зэрэг үйл ажиллагаа болох тул  багш, оюутнуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар