МУИС-ийн Күнзийн институт, МУИС-ГХСС, МУИС-Улаанбаатар сургууль, Их засаг их сургууль, Найрамдал дунд сургууль, 23-р дунд сургууль, Синьхуа агентлагийн Монгол дахь салбар хамтран 2012 оны 11-р сарын 3-ны өдөр “Синьхуа агентлагийн гэрэл зураг Монголд” гэрэл зургийн үзэсгэлэнг МУИС-ийн хичээлийн 2-р байранд амжилттай зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн хүндэт зочдоор БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолунь, МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Күнзийн институтын удирдах зөвлөлийн дарга доктор профессор Р.Ринчинбазар нар уригдсан юм.
Үзэсгэлэнгийн арга хэмжээ их, дээд сургуулийн авъяаслаг оюутан залуус болон дунд сургуулийн сурагчдын бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээр үргэлжилсэн юм. Энэ хичээлийн шинэ жил эхэлснээр Күнзийн институтаас эрхлэн оюутан сурагчдын дунд “Шилдэг зохион бичлэгийн уралдаан”, “Хятад дуу хэн сайн дуулах вэ” зэрэг уралдааныг амжилттай зохион байгуулаад байна. Ийм цуврал арга хэмжээнүүдийн нэг нь “Синьхуа агентлагийн гэрэл зураг Монголд” гэрэл зургийн үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь өнөөгийн Хятад орны хөгжил цэцэглэл, хүн ардын ёс зан заншил, амьдрал ахуйг гэрэл зургийн гайхамшгаар олонд таниулах, сурталчлах явдал юм.