МУИС-ийн ББС-ийн Ургамал судлалын тэнхим үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойгоо угтан “Байгалийн ургамлыг хэн сайн тодорхойлох вэ?” тэмцээнийг 2012 оны 11 сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус тэмцээнд МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургууль, Газарзүй, Геологийн сургууль, Улаанбаатар сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Байгалийн Ухааны сургууль, Хөдөө Аж Ахуйн Их сургуулийн Байгалийн Ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Байгалийн Ухааны сургууль, Эко-Ази дээд сургууль, Улаанбаатар Их сургуулийн нийт 18 баг, 90 оюутан оролцож мэдлэг, чадвараа уралдуулав.
Энэхүү тэмцээн нь Монгол орны цэцэгт ургамлын ангилалзүйн нэршил, ургамлын амьдралын хэлбэр, гадаад бүтэц, ургах орчинд зохилдсон шинж тэмдгүүд, мөн тухайн овог, төрөл, зүйлийн бүтэц, экологи, тархалт, ач холбогдлыг таниулах зорилготой юм.
Шүүгчдээр МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, шинжлэх ухааны доктор Э.Ганболд, Биологи, Биотехнологийн сургуулийн багш, доктор Д.Нямбаяр, Р.Тунгалаг, Байгалийн түүхийн музейн ургамал судлаач Б.Бадамцэцэг нар ажиллалаа.
Уралдааны тэргүүн байранд ББС-ийн Биологийн 4-р ангийн DAISY баг, хоёрдугаар байранд МУБИС-ийн AQUILEGIA баг, гуравдугаар байранд МУИС, ББС-ийн Биологийн 4-р ангийн GREEN ROSE баг шалгарч, тусгай байрын шагналыг МУИС, ББС-ийн Биологийн ангийн BIOMIX баг хүртлээ.
Цаашид энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон тодорхой сэдвийн хүрээнд, сайжруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.