“Жендер судлал руу нэг алхам” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хурал болж өнгөрлөө

Share Button

Жендерийн үндэсний хорооны дэргэдэх их дээд сургуулийн багш нарын Жендерийн консорциумаас Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан их дээд сургуулийн оюутнуудын дунд “Жендер судлал руу нэг алхам” сэдэвт Шилдэг илтгэл шалгаруулах Оюутны эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг 11-р сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тус хурал нь өнөөгийн оюутан залуусын жендерийн талаарх онолын мэдлэг, мэдрэмж, хандлагад тодорхой эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм. Эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, Эдийн засаг бизнесийн дээд сургууль, Идэр дээд сургууль зэрэг их дээд сургуулиудын нийт 70 гаруй оюутан суралцагчид мэдүүлгээ өгснөөс 30 гаруй илтгэлийг шалгаруулалтад оруулжээ.

Оюутан залуусаа манлайлж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р дамжааны оюутан М.Цэнд-Очир “Жендерийн харилцаан дахь эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байр эзэлсэн бол Хууль зүйн сургуулийн оюутан Б.Баялагмаа “Феминист эрх зүйн онол ба жендерийн эрх тэгш байдал” сэдвээр 2-р байр, ШУТИС-ийн Нийгмийн ажилтны ангийн 4-р дамжааны оюутан Г.Шинэцэцэг “Бага ангийн сурагчдын жендерийн нийгэмшилт телевизийн нэвтрүүлгийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьж 3-р байрыг тус тус эзэлжээ.

Цаашид жендер судлалын асуудлаар Оюутны эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд оюутан залуус сэтгэлгээний цар хүрээ, соёлыг харах хараагаа тэлэн оролцох бас нэгэн боломж бүрдэж байгаа юм.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар