“Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд II” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

“Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд II” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Үндэсний хээ, угалз судлал” сэдвийн дор 2022 оны 6-р сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг эрдэм шинжилгээний хуралд Монгол, Турк, Казакстан, БНЧУ, БНХАУ-ын 16 эрдэмтэн монгол, казах үндэстний соёл уламжлал, ёс заншил түүний дотор хээ угалзын талаар илтгэл хэлэлцүүлэв.

Уг хурлыг МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор Б.Хишигсүх, докторант Б.Риза нар санаачлан зохион байгуулж, Өтвөш Лорандын Их сургууль, Нур-Мубаракын Их сургууль, Масарукын Их сургууль, Бээжингийн Цөөн Тоот Үндэстний Их сургууль, Ховд Их сургууль, ӨМӨЗО-ны Ордосын Эзэн хороо, Тулуй Эзний Тайлга Тахилгын Зан Үйл нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид цахимаар оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хурлын илтгэлээс дурдвал, Масарукын ИС-ийн Монгол Ази Судлалын сургуулийн профессор Ондрей Срба “Саад тотгор хариулах, гай түйтгэрээс урьдчилан сэргийлэх зориулалттай үсэгт хээ тэмдэг цогцолсон монгол гар бичмэлийн хоёр жишээ хийгээд тэдний төвөд хятад уг сурвалж”, Ховдын Их сургуулийн багш, доктор В.Янжиндулам, магистр Г.Сарнай “Захчин, Торгууд ширмэл ширдгийн хээний бэлгэдэл”, МУИС-ийн УЗУСТ-ийн докторант Б.Риза “Казах эхийн ургаа тээж байх үеийн өвөрмөц онцлог (Манас болон Алпамыс туулийн жишээн дээр)” зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд I” олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн профессор Б.Хишигсүхийн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордосын зан үйлийн нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд докторант Б.Ризагийн санаачилгаар 2017 оны 08-р сарын 15-17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохион байгуулсан болно.

Уг хурлыг гурван жил тутам нэг удаа зохион байгуулах бөгөөд “Казах үндэстний уугуул зан үйлийн судалгаа, тулгамдсан асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025 онд болох юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар