Дээд боловсролын ууган байгууллага-Монгол Улсын Их Сургууль 80 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрөө Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Эш хөрөг залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл болон эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.
Эзэн Богд Чингис хааны эш хөрөг залах ёслолыг нээж МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Монгол Улсын Их Сургууль нь Эзэн Богд Чингис хааны түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэн төлөвшүүлэх ажлыг Монгол судлалаар дамжуулан тогтмол хэрэгжүүлж ажилладгийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цаашид Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх сургалт, судалгаагаа эрчимжүүлж, олон цогц ажлуудыг хийж хэрэгжүүлэх хүндтэй үүргийг хүлээн авч байна хэмээн ойлгож байна” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлиг гаргасан. Зарлигт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллага болон иргэн, айл өрх бүр дээдлэн залахыг тусгасан юм.