МУИС-ийн Газар зүй, геологийн сургуулийн Геологийн тэнхимийн урилгаар Израилийн Технион Технологийн их сургуулийн профессор Ювал Бартов магистр, докторын оюутнууд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулж 2012 оны 11 сарын 26-30 өдрүүдэд “Газрын тосны геологи” сэдвээр 5 хоногийн цуврал лекц уншиж байна.
Газрын тосны эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж, нийлүүлэлт ховордож байгаагаас тээврийн хэрэгслийн түлшний шинэ эх үүсвэрийг эрж хайх явдал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
Импортын шатахуунаас бүрэн хамааралтай манай улсын хувьд газрын тосноос гадна шатдаг занар, тослог элс зэрэг газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн тархацыг судлан үзэж, түүнээс газрын тосны бүтээгдэхүүн шингэн болон хийн түлш үйлдвэрлэх технологийг нутагшуулахад сүүлийн үед ихээхэн анхаарал тавих болсон билээ.
Профессор Ювал Бартов нь газрын тосны уламжлалт бус эх үүсвэрийн геологи хайгуулын чиглэлээр тэргүүлэх зэргийн судлаачдын нэг бөгөөд АНУ-ын Жени Энержи компанийн ерөнхий геологич, тус компанийн Израилд хэрэгжүүлж байгаа шатдаг занараас хий, шингэн түлш гаргах төслийн технологи хариуцсан захирлаар ажиллаж байна.