Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо. Тус хуралд Байгалийн ухаан, инженерчлэлийн болон Нийгэм, хүмүүнлэгийн ухааны гэсэн 2 салбар хуралдаанд 47 илтгэгч илтгэл хэлэлцүүлсэн юм.
“Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг “Монгол Улсын Их Сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа хойш сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтмол гүйцэтгэж ирсэн. Тийм учраас 80 жилийн ойн босгон дээр МУИС хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудаа тоймлон хүргэж байна. Түүнчлэн өнөөдрөөс цааш юу хийх тухай, МУИС-ийн эрдэмтэн судлаачдын түвшин ямар байгааг харуулах, ирээдүйд бидний судалгаа, шинжилгээний ажил хаашаа чиглэж буй нь энэ хурлаар харагдана гэдэгт итгэлтэй байна. 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал эрдэм шинжилгээ, судалгааны гурван цагийн хэлхээсийг илтгэн харуулж буйгаараа онцлог юм” гээд хуралд оролцогчдод амжилт хүслээ.
“Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг эмхэтгэл болгон гаргах юм.