Шинжлэх ухааны эрдэмтэн судлаач Гончигийн Очир 1944 онд Говь-Алтай аймгийн Шарга суманд төрж, бага дунд сургуулийг нутагтаа дүүргэн, 1968 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын (хуучин нэрээр, одоо Оросын Холбооны Улс) С.К.Тимошекийн нэрэмжит Москвагийн Химийн цэргийн академид элсэн, 1972 онд онц дүнтэй төгсжээ.
1975 оноос Батлан Хамгаалах Яамнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1990 он хүртэл Шинжлэх Ухааны Академийн Хими, хими технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан. Түүнчлэн Чехсловак Улсын (хуучин нэрээр, одоо Бүгд Найрамдах Чех Улс) нийслэл Прага хот дахь Шинжлэх Ухааны Академийн Органик хими ба биохимийн хүрээлэнд 1985-1990 онуудад ажиллаж байсан.
Эрдэмтэн Г.Очирын өөрийн болон хамтын эрдэм шинжилгээний бүтээлүүд нь тухайн үеийн олон улсын шинжлэх ухааны нэртэй сэтгүүлүүдэд нийтлэгдэн олны хүртээл болж байснаас дурдвал:
- 1985 онд “Composition of the essential oil heracleum dissectum” өгүүллийг ACS хэвлэлийн газрын Journal of natural products сэтгүүлд,
- 1990 онд “Composition of Achillea asiatica Serg, essential oil” өгүүллийг Wiley хэвлэлийн газрын Flavour and fragrance сэтгүүлд,
- 1991 онд “New sesquiterpene lactones from the Achillea genus” өгүүллийг Planta medica сэтгүүлд,
- 1991 онд “3-oxa-guaianolides from Achilea millefolium” өгүүллийг Elsevier хэвлэлийн газрын Phytochemistry сэтгүүлд тус тус хэвлүүлж байжээ.
Тухайн цаг үед манай улс нь социалист буюу хаалттай нийгмийн системтэй байсан бөгөөд шинжлэх ухааны үр дүнг олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлэх нь томоохон амжилтад тооцогдож байсан.
Дээрх эрдэм шинжилгээний өгүүллэгүүдээс гадна дараах шинэ бүтээл, оновчтой саналыг хөдөлмөрч нөхдийнхөө хамтаар гаргаж, оюуны өмчөө зохиогчийн эрхээр баталгаажуулжээ.
- 1992 онд “Баянбүрд” хийжүүлсэн ундааг тухайн үеийн АПУ үйлдвэрт үйлдвэрлэж байсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 750.
- 1992 онд “Хангай” хийжүүлсэн ундаа тухайн үеийн АПУ үйлдвэрт үйлдвэрлэж байсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 751.
- 1993 онд “Байгалийн фенотиазиныг ялгаж авах арга” шинээр боловсруулсан. Зохиогчийн гэрчилгээний дугаар 779.
Зорилго: Энэхүү тэтгэлгийг 2021 – 2022 оны хичээлийн жилээс эхлэн олгож байгаа бөгөөд химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистрант, докторант оюутны судалгааны ажлыг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахад оршино.
Тэтгэлгийн хэмжээ: Нэг жилд магистр эсвэл докторын түвшний 1 оюутанд 1 сая төгрөгийг олгох ба өмнө нь өөр тэтгэлэг авсан байж болно.
Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг МУИС зохион байгуулах ба тэтгэлэг хүртэгч тэтгэлгийг өөрийн биеэр ирж авна. Тэтгэлэг гардуулах өдөр өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд боломжтой үедээ (1 жилийн дотор) ирж биечлэн гардаж авна.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх
- МУИС-д хими болон хүрээлэн буй орчны (бүх төрлийн химийн салбар, байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбар) чиглэлд идэвхтэй сурч байгаа магистрант, докторант оюутан байх
- Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
- Англи хэлний мэдлэгтэй байх
- Суралцаж буй чиглэлээрээ судалгааны ажилд 6 сараас дээш хугацаагаар хамрагдаж, тодорхой үр дүн гаргасан байх (гадаад санхүүжилттэй бол давуу тал болно)
- Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаараа илтгэл хэлэлцүүлсэн байх (олон улсын хурлын эмхэтгэл, олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно)
- Өмнө нь өөр төрлийн тэтгэлэг авсан байж болно. Өөрөөр хэлбэл, тэтгэлгийг давхардуулж олгоно.
Бүрдүүлэх бичиг баримт:
- Хүсэлтийн маягт – татах
- Дүнгийн тодорхойлолт – Эх хувь
- Суралцаж буй мэргэжлийг илтгэсэн бичиг баримт (СиСи системийн мэдээлэл, дүнгийн тодорхойлолт дээрх мэргэжлийн чиглэл гэх мэт) – Эх хувь
- Судалгааны ажилд хамрагдаж буйг нотлох бичиг баримт (үүнд удирдагчийн тодорхойлолт хамаарахгүй бөгөөд төслийн бичиг баримт, гэрээнд тэтгэлэгт хүсэлт гаргагчийн нэр орсон байх, мөн судалгааны хүрээнд хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлд нэр нь орсон байх, бүтээлийн зохиогчийн хувь нэмэр хэсэгт ямар ажил хийсэн нь тодорхой байх гэх мэт) – Хуулбар хувь
- Удирдагчийн тодорхойлолт (тэтгэлэг хүсэгчийн МУИС-д элсэн орсноос хойших хувь хүн, судалгаа, нийгмийн чиглэлд гаргасан ахиц дэвшлийг дурдсан байх) – Эх хувь
- Англи хэлний олон улсын түвшнийг илтгэх гэрчилгээ – TOEFL, IELTS, TOEIC гэх мэт – Эх хувь
- Эрдэм шинжилгээний амжилтыг илтгэх бүтээлийн жагсаалт, нотлох баримтын хамт – Эх хувь
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, материалуудыг дарааллын дагуу нэгтгэн, нэг хавтсанд хийж, МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэст хичээлийн 2-р байрны 109 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, 91993096, n.altanzul@num.edu.mn, altansukh@num.edu.mn