Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар Монгол Улсын Их сургуульд ажиллаж, судалгааны лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улсын Их сургууль нь судалгааны 40 лабораторитой. Үүнээс суурь шинжлэх ухааны чиглэлийн 20, хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлийн 20 лабораторийг байгуулжээ. Эдгээр судалгааны лабораторид 95 профессор, багш, 62 багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, 5 докторын дараах судлаач, 280 магистрант, докторант ажиллаж байна.
Судалгааны лабораториудын судалгааны түвшнийг олон улсын жишигт хүргэх үүднээс тэргүүлэх судлаачдын тоог нэмэгдүүлэх, судалгааны хамрах хүрээг судалгааны бүтээл, эшлэлийн тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, гэрээт ажил, технологи дамжуулалт, инновацын орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд импакт фактор бүхий сэтгүүлд 115 өгүүлэл хэвлүүлж, Скопуст бүртгэлтэй сэтгүүлд 14 өгүүлэл хэвлүүлсэн байна.
Мөн 2021-2022 онд 16.98 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 123 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээс 29 патент, ашигтай загварын 8 гэрчилгээ авч, гарааны 8 компанийг үүсгэн байгуулжээ. Тухайлбал, МУИС-ийн дэргэд 2020 онд “гарааны Мон Био Про” ХХК-ийг байгуулж, Монгол оронд ургадаг мөөг болон ургамлын орц найрлагатай нүүрсний маск, чийгшүүлэгч мист, бактери үрэвслийн эсрэг түрхлэг зэрэг шинэ төрлийн дөрвөн бүтээгдэхүүн хийж, худалдаанд гаргасан байна.
Түүнчлэн 2018 оноос эхлэн орчин үеийн лазерын технологид суурилсан судалгааг хийж эхэлжээ. МУИС-ийн Лазерын судалгааны төвийн эрдэмтэд элэгний Д вирусийг эрт илрүүлэх боломжтой лазерт суурилсан төхөөрөмжийг бүтээсэн байна. Одоогийн байдлаар сорьц дээр туршилт хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд 400-800 сорьц дээр туршилт хийхээр төлөвлөжээ. Уг туршилт амжилттай болж, хэрэглээнд нэвтрүүлж чадвал элэгний Д вирусийг Монгол Улсад 10 дахин бага өртгөөр эрт илрүүлэх боломжтой болно гэдгийг МУИС-ийн Лазерын судалгааны төвийн захирал, доктор, профессор Ж.Даваасамбуу танилцуулав.
Судалгааны лабораториудын эрдэмтэн судлаачид өөрсдийн чиглэлийн дагуу шинжлэх ухаанд суурилсан олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаануудыг хийж, шинэ технологийг нэвтрүүлэх ажлуудыг хийж байгаа ч хууль, эрх зүйн орчин дутагдалтай байдгийг Улсын Их Хурлын даргад уламжиллаа. Тухайлбал, Багш, судлаачдын зүгээс өөрсдийн хөгжүүлсэн технологийг ашиглаад төрийн байгууллагаас зарласан тендерт оролцох боломжгүй байдаг байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн орчны хүрээнд их, дээд сургуулийн судалгааны лаборатори зөвхөн судалгаа хийх зохицуулалттай. Тиймээс Дээд боловсролын тухай, Судалгааны Их сургуулийн тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд тодорхой зохицуулалт оруулж, эрдэмтэн судлаачдын оюуны бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх талаар дээр анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Мөн төрийн оролцоог багасгаж, судалгааны их сургуулиудын бие даасан байдлыг хангах, судлаачдад сургалтын тэтгэлэг олгох, шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгоход чиглэсэн хууль, тогтоомж дутагдаж байгааг хэлж байсан юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Засгийн газрын захиалгаар томоохон хамтарсан мега төслүүдийг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байна. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан шийдвэр гаргадаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд төр засаг, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, бизнесийн төлөөлөл, нийгмийн оролцоог нэгтгэх дөрвөлсөн зангилаа (Quadruple Helix) загварыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг хийхэд анхаарч ажиллана. Цаашид БШУЯ-наас Сургалтын төрийн сангаас магистр, докторын оюутнуудад сургалтын зээл, тэтгэмж олгох замаар сургалт судалгааныхаа ажилд бүрэн төвлөрөх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэлээ.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн эрдэмтэн, судлаачид түүхийн онцгой эх сурвалж болох “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-д бүртгүүлэх ажилд манлайлан оролцохыг хүссэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.