МУИС үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн Ази судлалын тэнхим, Монголын Япон хэлний Багш нарын холбооноос санаачлан МУИС-ийн нэрэмжит Япон хэлний анхдугаар олимпиадыг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү олимпиадыг Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын Яам дэмжин ажиллав.
Тус олимпиад нь их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудын япон хэлний болон Япон орны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, япон хэл сурах хүсэл тэмүүллийг дэмжих, сургууль хоорондын харилцаа холбоог бэхжүүлэн Монгол дахь япон хэлний сургалтыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд МУИС-ийн ШУС-ийн МоКоДа, ХИС-ийн Хокүтошичисэи, ШУТИС-ийн Мираи, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн боловсрол судалгааны төвийн B’s Angels, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн Хикари, Соёл эрдэм дээд сургуулийн Мандах наран, АШУҮИС-ийн JRCC, Монгол Коосэн Технологийн Коллежийн МоКо, ШУТИС-ийн Коосэн Технологийн коллежийн SHUTIS-Koosen team, Шинэ Монгол технологийн коллежийн Kizuna гэсэн 10 баг оролцов.
Монголын япон хэлний багш нарын холбооны зөвлөх, МУИС-ийн зөвлөх профессор, доктор С.Долгор олимпиадыг нээж хэлсэн үгэндээ “Тэртээ 45 жилийн өмнө Монгол хэлний ангид япон хэлийг сонгоноор зааж эхэлсэн бөгөөд 1990 онд анхны Япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулагдаад 10-аад оюутан оролцож байлаа. Өнөөдрийн олимпиадад 7 сургуулийн 10 багийн 50 оюутан оролцож байгааг харахад үнэхээр таатай байна. Энэ удаагийн олимпиад бол зөвхөн хувь суралцагчийн мэдлэг, чадварыг уралдуулсан хэрэг бус багаар ажиллах, өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцах, харилцан суралцах боломжийг олгож байгаараа их онцлог юм. Цаашдаа үргэлжлүүлэн энэ олимпиадыг зохион байгуулах нь япон хэл суралцагчдыг дэмжих, өөр соёлыг ойлгож хүндэтгэх, үүгээрээ хоёр орны харилцаанд ч чухал ач холбогдолтой.” хэмээн онцоллоо.
Олимпиадыг Япон хэлний бичгийн шалгалт (Ханз, үгийн сан, хэлзүйн дүрэм, уншиж ойлгох мэдлэг), Японы соёл, орон судлалын талаарх асуулт хариултын тэмцээн гэсэн хоёр хэсэгтэй зохион байгуулсан бөгөөд асуулт хариултын хэсгийн шүүгчээр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны Соёл Мэдээллийн хэлтэсийн атташе Итоо Ёрико, Япон сангийн мэргэжилтэн Цүрүта Ясүюки, Монгени сургуулийн багш Наканиши Рэико нар уригдан ажиллав.
Олимпиадад тэргүүн байр эзэлсэн ШУТИС-ийн Мираи багийн хамт олныг 900 000 төгрөг үнэ бүхий зүйл, дэд байр эзэлсэн Шинэ Монгол технологийн коллежийн Кизүна багийг 700 000 төгрөг үнэ бүхий зүйл, гуравдугаар байр эзэлсэн АШУҮИС-ийн JRCC багийг 500 000 төгрөг үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.
Энэхүү олимпиадыг зохион байгуулснаар япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургууль, коллежид япон хэл, соёл судалж буй оюутан залуучуудын хэл, соёл, орон судлалын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн сургууль хоорондын багш нар, оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан “Япон хэлний олимп” боллоо хэмээн зохион байгуулагчид болон оролцогчдын зүгээс дүгнэсэн бөгөөд цаашид уламжлал болгох нь зүйтэй гэсэн саналтай багш, суралцагч олон байсан юм.