Өчигдөр Хятадын Баруун Хойтын Үндэстний Их Сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуульд айлчиллаа.
Айлчлалын хүрээнд тус сургуулийн дэд захирал Ванг Заши, Төгсөлтийн дараах сургуулийн албаны дарга Вэн Инг, Монгол хэл, соёл судлалын сургуулийн захирал Эрдэнэбилэг, Нийгмийн шинжлэх ухааны албаны дарга Дуан Шиаочианг, Соёлын сургуулийн захирал Лию Жиэ, Гэсэр судлалын институтын захирал Нин Мэй нарыг МУИС-ийн захирал С.Төмөр-Очир хүлээн авч уулзан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Өмнө жилүүдэд хоёр сургууль монгол судлалын чиглэлээр хамтран ажиллаж байсан бөгөөд цаашдаа ч энэхүү чиглэлээ улам гүнзгийрүүлэн ажиллах тал дээр түлхүү анхаарахаа илэрхийлж байв.
Мөн хоёр сургууль хоорондын албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж буй энэхүү үйл ажиллагаанд МУИС-ийн гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, Эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Б.Даваасүрэн, МХСС-ийн захирал Ж.Баянсан, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, МСХ-ийн захирал Ж.Бат-Ирээдүй, НШУС-ийн ЭНБД Ж.Төртогтох нар оролцон цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хоёр сургууль эрдэм шинжилгээ, багш оюутан солилцоо, урт болон богино хугацааны судлаач солилцох, эрдэм шинжилгээний төсөл хамтран гүйцэтгэх, сурах бичиг хамтран боловсруулах болон бусад хамтын ажиллагааг дэмжин өргөжүүлэх юм. Гэрээ 5 жил хүчин төгөлдөр байна.
Баруун Хойтын Үндэстний Их Сургууль нь 1950 онд байгуулагдсан Хятадын ууган үндэстний их сургууль юм.