Лаосын үндэсний их сургуулийн захирал Soukkongseng Saignaleuth тэргүүтэй төлөөлөгчид 6-р сарын 30-наас 7-р сарын 3-ны өдрүүдэд МУИС-д айлчиллаа. Энэ оны 1 сард МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Лаосын үндэсний их сургуульд зочилж, хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн бөгөөд энэ хүрээнд Монголд усан цахилгаан станц барих болон ойн салбарт харилцан ашигтай ажиллах боломжийг судлах зорилгоор тус сургуулийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Ус, нар, салхины гэхчилэн байгалийн бүх төрлийн эх үүсгүүр бүхий цахилгаан эрчим хүчний станц барьж, байгуулах өргөн туршлагатай Лаос орны зочдын МУИС-д хийсэн уулзалт хоёр чиглэлд өрнөв. Зочдын нэг хэсэгт МУИС-ийн ФЭС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн профессор Т.Лодой Монгол орны усан сан болон гол нууруудын тархац, онцлогийн тухай танилцуулсан бол бусад төлөөлөгчдөд ББС-ийн захирал Н.Батхүү сургуулиа танилцуулж, ойн салбарт хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон байна. Мөн уулзалтын үеэр захирал С.Төмөр-Очир бага оврын усан цахилгаан станц монголд барьж байсан туршлага бий болон энэ талын техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг МУИС-ийн тал хийх боломжтойг дурдаад харин барьж байгуулах арга, технологи болон эдийн засгийн бодит туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Лаосын талд албан ёсоор илэрхийлэв.
Тэд айлчлалын төгсгөлд МУИС-ийн ХҮС-ийн харъяа Туул голын хөвөөн дэх “Харзтай” амралтын газар болон биологийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны түшиц цогцолбор болох “Хустай” үндэсний паркад очиж, уулзалтын үеэр ярьж тохиролцсон ажлууд тодорхой ажил хэрэг болгох боломжийг судалсан бөгөөд нутагтаа очоод эргэж хариу өгөхөөр болсон байна.