“МУИС-тай танилцъя” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн оюутан, суралцагчийн соёл, элсэлтийн журам, сургалтын орчин, оюутныг дэмжих үйлчилгээ, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөмж, зөвлөгөөг олон нийтэд танилцуулах зорилгоор “МУИС-тай танилцъя” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил өдөрлөгийг зургаадугаар сарын 8-10-ны хооронд зохион байгууллаа.Өдөрлөгөөр МУИС-ийн танилцуулга, элсэлтийн мэдээллийг эцэг эх, сурагчдад олгосон ба тэдний сонирхсон асуултад хариулсан болохыг зохион байгуулагчид онцолж байлаа. МУИС-ийн Элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогт хэлэхдээ, “МУИС-иар аялъя” арга хэмжээг энэ жил “МУИС-тай танилцъя” нэрийн дор амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд МУИС-ийн суралцах орчин, салбар сургуулиудын тэнхим, хөтөлбөрийг сурталчлан таниулах зорилготой. МУИС-ийн зүгээс ЕБС-д суралцагчдын элсэлтэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Үүний нэг жишээ нь, сүүлийн жилүүдэд бид Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-тэй хамтарч, МУИС-ийн багш нараар ЭЕШ-д хүүхдүүдийн хамгийн их алдаж буй хичээлийн сэдвүүдээр видео контент бэлтгэн хүргэж буй. Өнгөрсөн хугацаанд нийт 50 видео контент бэлтгэсэн байна. Энэ нь тухайн хүүхдүүдэд ЭЕШ-даа амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Өдөрлөгийн хувьд өртөөчилсөн байдлаар сурагчдын мэдэхийг хүссэн асуултад нэгэн зэрэг хариулт өгдөг онцлогтой” гэлээ.

Өдөрлөгт оролцогчдын сэтгэгдлийг сонсов. 21 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч н.Номинзул: 10 жилийн хүүхдүүд их сургуулиудын нэрийг л мэддэг төдий. Иймээс ямар орчинд аль чиглэлээр суралцахаа тодорхойлоход тус өдөрлөг чухал ач холбогдолтой санагдлаа. Мөн тэнхим хөтөлбөрүүдийг танилцуулснаар тухайн мэргэжлээр хаана ямар компанид ажиллах боломжтойг мэдлээ.

21 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагч Д.Буян-Очир: “МУИС-тай танилцъя” өдөрлөгөөр асуухыг хүссэн зүйлсдээ ихэнх хувьд нь хариулт авч чадлаа. Би бизнесийн чиглэлээр суралцахаар сонирхож байгаа. Салбар сургуулийн багш нараас үнэтэй зөвлөгөө авлаа. Сургуулиудын нээлттэй өдөрлөг нь сурагчдад сургуулиа сонгоход хамгийн хэрэгцээтэй үйл ажиллагаа гэж би хувьдаа боддог. Миний хувьд сургуулиа сонгохдоо тухайн сургууль дээрээ өөрийн биеэр очиж, давуу болон сул талуудыг дотроо харьцуулж байна. Үүний үр дүнд сонголтоо хийнэ. МУИС-иас хамгийн их таалагдсан зүйл бол номын сан болон Багш оюутны хөгжлийн төв байлаа. Учир нь гадаадын их сургуулиуд шиг дотроо фитнесстэй нь оюутны суралцах, хөгжих боломжийг олгожээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар