“Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэн ба тогтвортой байдал” олон улсын бага хурлыг зохион байгууллаа

Share Button

“Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэн ба тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 оны зургадугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Хурлыг МУИС-ийн Бизнесийн сургуулиас санаачлан, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт дэмжин оролцжээ. Хуралд АНУ, БНСУ, Саудын Араб, БНХАУ, Польш гэсэн зургаан орны 100 гаруй эрдэмтэд онлайн болон танхимаар оролцов. 

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч дэд профессор Л.Оюунцэцэг: Өнөөдөр салбарын багш судлаачид, нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцагчид, мэргэжлийн багууллагуудын оролцоотойгоор “Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэн ба тогтвортой байдал” сэдвийн дор чуулж нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн хөгжлийн чиг хандлагын өөрчлөлтийг хэлэлцэж байна. Өмнө нь нягтлан бодогчдыг баримт бүртгэн тайлан гаргагч гэж хардаг байсан бол өнөөдөр судалгаа шинжилгээтэй, түүндээ математик статистикийн арга хандлагуудыг хэрэглэж мэдээлэл боловсруулан удирдлагын шийдвэр гаргалтад үнэ цэн бүхий дэмжлэг үзүүлдэг болон хөгжиж байгааг бизнесийн салбарынхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн чиг хандлага, тогтвортой байдалд нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэж байгаагаараа хурлын ач холбогдол харагдаж байна гэлээ. 

МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим 1958 онд байгуулагдсан, тэгш ойн баяраараа олон улсын хурал зохион байгуулдаг уламжлалтай. Үүний үр дүнд салбарын судлаачид харилцан суралцах, судалгааны ажлаа түгээн дэлгэрүүлэх боломж бүрддэг аж. Энэ удаагийн хуралд дотоод гадаадын судлаачдаас  30 гаруй илтгэл ирүүлснээс танхим болон цахимаар 16 илтгэл амаар, ханан илтгэл 10-ийг хэлэлцлээ. Нягтлан бодох бүртгэл, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, аудитын чиглэл нь удирдлагын түвшний шийдвэр гаргалтад хамгийн нөлөө бүхий үнэ цэнтэй мэдээлэл бэлтгэх болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. 

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн Гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар: Манай байгууллага Монгол Улсад нягтлан бодох бүртгэл аудитын салбарыг хөгжүүлэх, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, аудитын хуулийн этгээдийг мэргэжлийн удирдлага, арга зүй, зөвлөгөө мэдээллээр хангах, мэргэжлийн стандартуудыг орчуулах болон мэргэшсэн нягтлан бодогчдыг тасралтгүйгээр сургах үүрэгтэй. Энэ хүрээнд бид их, дээд сургуулиудтай хамтарч олон үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурал юм. Төрийн болон хувийн ямар ч байгууллагын үйл ажиллагааны цаана нягтлан бодох бүртгэл байдаг. Тиймээс нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн үнэ цэнийг таниулах зорилгоор уг эрдэм шинжилгээний бага хурлыг зохиож байна. Энэхүү шинжилгээний хурлын сэдэв олон улсад яригдаж буй сэдвүүдтэй дүйцэж байгаа бөгөөд Монгол Улсад зайлшгүй хэлэлцэх ёстой асуудал юм. Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн ил тод байдал бол Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал үүрэгтэй. Тус мэдээллийн ил тод байдлыг хангаснаар олон нийт, төр засаг болон бусад оролцогч талуудын итгэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь нийгмийн тогтвортой байдалд маш чухал нөлөөтэй хэмээв. 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар