Өнгөрсөн 12 дугаар сард БНХАУ-ын Гуанжоу хотод болсон “Ой тогтоолтын дэлхийн аварга”-ын 20 дахь удаагийн тэмцээнд манай улсаас Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын дөрвөн тамирчин амжилттай оролцож багаараа гуравдугаар байрт шалгарсан билээ. Багийн гишүүн С.Цогбадрах нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн оюутан бөгөөд багийн гишүүн С.Акжол нь мөн МУИС-ийн Мэдээллийн Технологийн сургуулийн оюутан юм.
Энэхүү тэмцээнд нийт 21 орны 125 тамирчин оролцож, арван төрөлд оюун ухаанаа уралдуулснаас :
– 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргаас зургаан медаль хүртсэн С.Акжолын хувьд “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 59 хүн цээжилж алдалгүй санаснаар шагналт тавдугаар байрт орлоо. Мөн нэг багц хөзрийг 1 минут 13 секундэд, нэг цагт 11 багц буюу 572 ширхэг хөзөр, нэг цагт 1040 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн, алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж, “Ой тогтоолтын олон улсын их мастер” боллоо.
– 2011 оны ой тогтоолтын үндэсний аваргын тэмцээнээс гурван медаль хүртсэн С.Цогбадрахын хувьд сонсголын ой тогтоолт шалгасан “Дуут цифр” төрөлд секунд тутамд хэлэгдэж буй 400 цифр цээжилснээс 81 цифрийг алдалгүй санаж нэрлэснээр наймдугаар байрт, таван минутын цифр цээжлэх төрөлд 286 цифр цээжлэн алдалгүй нэрлэснээр наймдугаар байрт тус тус шалгарлаа. Мөн нэг багц хөзрийг 1 минут 59 секундэд, нэг цагт 12 багц буюу 624 ширхэг хөзөр, нэг цагт 1100 цифрийг дарааллаар нь тус тус цээжлэн алдалгүй нэрлэснээр их мастерийн болзол хангаж “Ой тогтоолтын олон улсын их мастер” болов.
Эх орныхоо нэрийг дуурсгаж яваа С.Цогбадрах, С.Акжол нартаа баяр хүргэж цаашдын оюуны их спортод нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.