Монгол Улсын Гавьяат багш, хүндэт профессор А.Мөнгөнцэцэг агсны нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Share Button

Монгол Улсын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, химийн ухааны доктор Алтанбаярын Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэтгэлгийн эздээр химийн салбарын III дамжааны оюутан Саруулын Баасанжаргал, II дамжааны Мөнгөнсүрэнгийн Чиндорж нар шалгарлаа.

Химийн тэнхимийн эрхлэгч, профессор О.Болормаа тэтгэлгийг хүртсэн бакалаврын зургаа, магистрын гурав нийт есөн оюутны амжилтын түүхийг танилцуулав. Тэтгэлгийг гурван удаа хүртсэн Эмпати сургуулийн химийн багш П.Манлайбаатар нь сурлагын үзүүлэлт, судалгааны ажилд тэтгэлэг хэрхэн нөлөөлсөн түүхийг хуваалцлаа.

Профессор А.Мөнгөнцэцэгийн нэрэмжит тэтгэлэг нь МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын Химийн тэнхимийн ХИМИ, ХИМИЙН БАГШ хөтөлбөрөөр бакалавр, магистрын суралцагсдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах зорилготой.

Профессор А.Мөнгөнцэцэг нь МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, аналитик химийн анхны үндэсний эмэгтэй багш, МУИС-ийн химийн салбараас төрсөн анхны хүндэт профессор эмэгтэй юм.

МУ-ын гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор А.Мөнгөнцэцэг агсан нь аналитик хими, гидрохими, хроматографийн хичээлүүдийг он удаан жил зааж шавь сургалт бий болгожээ.Тэрээр Монгол орны цэнгэг усны гол нөөц болох Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрөн, Орхон, Туул, Хэрлэн голууд болон тэдгээрийн цутгал голуудын усны химийн найрлагыг улирал сараар горимлон судалсан шинжилгээний дүнг ашиглан усны кальцийн карбонатын тэнцвэр, ионы урсац, химийн денудац зэргийг тооцоолон бодсон нь цаашдын судалгаанд харьцуулах эталон материал болж өгсөн юм.

Аналитик химийн хамтлагийн багш нар МУ-ын Гавьяат багш, МУИС-ийн хүндэт профессор, бал овгийн Алтанбаярын Мөнгөнцэцэг агсны хамтран туурвиж байсан “Аналитик химийн дадлагын ажлууд” номыг цахим хэлбэрт хөрвүүлэн, Mplus.mn вэбсайтад байршуулсны дээжийг хамт үр хүүхдүүдэд нь өргөн барив.

Тэтгэлгийн үеэр Парисын Сорбоннын Их Сургуулийн магистрант ач охин О.Халиун, МУИС-ийн ахмад багш С.Дондог, С.Шаарийбуу болон шавь нарын төлөөлөл Монголын уул уурхайн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Б.Бат-очир нар тэтгэлэг хүртэж буй оюутнуудад, гэр бүлд нь мэндчилгээ дэвшүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар