МУИС-ийн хэмжээнд оюутны сайн дурын 70 орчим клуб үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдний нэг нь МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэргэдэх оюутны сайн дурын “Титэм түүх” клуб билээ.
“Титэм түүх” клуб нь 1999 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй 24 жил үйл ажиллагаа явуулж, гишүүн дэмжигчдийн хүрээгээ тэлэн МУИС-ийн суралцагчид болон нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийсэн.
Энэ удаад “ТИТЭМ ТҮҮХ” клубийн нэрэмжит Түүх, Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөх гэж буй ахлах ангийн сурагчдад зориулсан “МУИС-тай танилцъя” өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Өдөрлөгөөр сурагчдад өртөөчилсөн хэлбэрээр танилцуулга хийжээ. Мөн сонирхолтой лекц, зөвлөмж, туршлага хуваалцсан юм. Үүнд:
- МУИС-д өндөр оноогоор элсэн суралцаж буй ХЗС-ийн III түвшний оюутан Т.Алтанбаганын туршлага,
- МУИС-ийн Түүхийн тэнхимийн төгсөгч, ШУТИС-ийн багш доктор, дэд профессор Д.Сэрдарам багшийн Түүх, Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөх гэж буй дүү нартаа “МУИС-ийг яагаад сонгох нь чухал” сэдвээр өгөх зөвлөмж,
- Нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ өгөх сурагч шалгалтандаа хэрхэн бэлтгэх аргын талаар ЕБС-ийн Нийгмийн ухааны багш М.Мөнхжаргалын сонирхолтой лекц зэргүүд нь сурагчдын анхаарлыг их татав.
Өдөрлөгт танилцуулга хийсэн өртөө бүр өөр өөрийн онцлогтой танилцуулгуудыг хийсэн. Үүнд:
- 1-р өртөө нь: МУИС-ийн тухай ерөнхий танилцуулга болон элсэлтийн талаарх танилцуулгыг сурталчлах,
- 2-р өртөө нь: МУИС-ийн Түүхийн тэнхимийн танилцуулгын өртөө байсан ба гадаадад суралцах боломж мөн ирээдүйн ажлын байр, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар сурталчлах,
- 3-р өртөө нь: 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн ууган клубуудын нэг “Титэм түүх” клубийн танилцуулга, Их сургуульд элссэний дараа клубт элсэхийн давуу талыг сурталчлах,
- 4-р өртөө нь: МУИС-д элсэхийн өмнөх том даваа болох ЭЕШ-ийг хэрхэн амжилттай өгөх талаар оюутнуудын хувийн туршлага болон зөвлөмж танилцуулгыг сурталчлах,
- 5-р өртөө нь: Сурагчид лекцээ хүлээх зуураа дурсгалын зураг татуулах, шагай хаяж чихэр хожих, сонирхолтой самбар, урмын үгтэй самбар, асуултанд хариулж юм хожих зэрэг “Сонирхолтой булан” өртөө ажиллав.
- 6,7-р өртөө нь сурагчдыг МУИС-ийн төв байр, номын сантай танилцуулах хөтөч өртөөнүүд байсан юм.
Лекцэд 200 гаруй ЕБС-ийн сурагчид оролцжээ.
Өдөрлөгт оролцож сонирхолтой лекц, зөвлөмж өгч, туршлагаасаа хуваалцсан илтгэгч нартаа “Титэм түүх” клубийн гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье.
Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн ЕБС-ийн сурагч дүү нартаа энэ жил элсэх МУИС-ийн шинэ элсэгчийн нэг нь болоорой гэж хүсэж, та бүхний ЭЕШ-д өндрөөс өндөр амжилт хүсье. Бас энэхүү өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан “Титэм түүх” клубийн нийт гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсье.
Энэхүү өдөрлөг цаашид ОХТ-тэй хамтран үргэлжлэн зохион байгуулагдах болно.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ
“ТИТЭМ ТҮҮХ” КЛУБ