“Судлаач оюутан- 2023” эрдэм шинжилгээний бага хурал долоо дахь жилдээ 2023 оны 12-р сарын 23-ны өдөр боллоо. Тус хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхим, Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн санаачилгаар “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл” (GEF7) дэмжлэгтэйгээр их дээд сургуулиудын Биологи, Экологи, Байгаль хамгааллын салбарт суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь “Экологийн холбоос-Хүн ба Зэрлэг амьтад” урианы доор МУИС, ХААИС, МУБИС, МУИС-ийн Ховд салбар сургуулийн бакалавр, магистрын оюутнууд өөрсдийн зуны хээрийн судалгааны үр дүр, туршлагаа хуваалцав. Тус хурал нь Экологи, Биологи, Байгаль хамгааллын чиглэлээр хээрийн судалгаа болон бусад холбогдох ажилд оролцсон оюутнуудын хүсэл эрмэлзлийг дэмжих, ирээдүйн хээрийн судлаач мэргэжилтнүүдийг бэлтгэх, оюутнуудын зуны хээрийн судалгааны үр дүнг хамтын хүртээл болгох эрхэм зорилготой юм. Хурлын үеэр “Миний дуранд буусан гэрэл зураг” фото зургийн уралдаан, “Миний судалгааны ажлын тэмдэглэл” нийтлэлийн уралдааныг уламжлал болгон гурав дахь удаагаа мөн зохион байгуулж шилдэг нийтлэл болон шилдэг гэрэл зургийг Амьтан, Ургамал, Байгалийн гэсэн гурван чиглэлээр тус тус шалгаруулав.
Шилдэг эрдэм шинжилгээний илтгэлээр:
- Биологийн хөтөлбөрийн магистрант А.Ундруул, Биологийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Мөнхтулга нар “Two new alien records of Hordeum jubatum (Poaceae) and Tripleurospermum inodorum (Asteraceae) in Mongolia” сэдвээр,
- Биологийн хөтөлбөрийн IV ангийн оюутан С.Мөнх-Оргил “Монгол тарвага (Marmota sibirica)-ийн идэш тэжээлийн сонголт: Газрын гадарга дээр идэвхтэй байх хугацааны долоо тутмын динамик өөрчлөлт” сэдвээр,
- Биологийн хөтөлбөрийн магистрант Х.Ариунбуян “Алтайн өвөр говийн зарим зүйл ховор хөхтөн амьтдын тархалт, амьдралын идэвхийн хэв маягийг судалсан судалгааны үр дүн” сэдвээр тус тус шалгарав.
Шилдэг нийтлэл болон гэрэл зургийн уралдаанд Д.Цогт, Н.Чанцалмаа, У.Хүрэлсүх, Б.Ганбат, Ичинноров нар тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хурлыг ХААИС-ийн Экологийн тэнхимийн багш А.Сайнчулуу, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ч.Гантигмаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн мэргэжилтэн М.Ууганбаяр болон МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор Б.Оюунцэцэг, Биологийн тэнхимийн ахлах багш Ч.Баттулга нар шүүн явуулав.
ТАЛАРХАЛ
Хуралд оролцсон, гэрэл зургаа илгээсэн, нийтлэлээ тэрлэсэн нийт оюутан залууст мөн Экологи-Биологи-Байгаль хамгааллын чиглэлээр суралцаж буй хээрийн судлаач оюутнуудын судалгааны ажил, үр дүнг дэмжин хамтран зохион байгуулсан, оролцсон “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл”, WWF Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС, МУБИС, ХААИС, МУИС-н Ховд дахь салбар сургууль болон ШУА-н Биологийн хүрээлэнгийн хамт олонд судлаач оюутнуудын өмнөөс чин сэтгэлийн үүднээс талархаж байгааг минь хүлээн авна уу. Та бүхний үйлс улам бүр дэлгэрэн оршихын өлзий ерөөлийг хүргэе.