МУИС-д сурах чин хүсэл эрмэлзэлтэй, гэр бүлээсээ анх удаа Их сургуульд элсэн орж, дээд боловсрол эзэмшихээр өөрийгөө дайчлан хичээж буй оюутны сурах хүсэл, сонирхлыг нь дэмжин “ИРЭЭДҮЙН СЭХЭЭТЭН” тэтгэлэг болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутныг дэмжих, эрхийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний талаар эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, суралцах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, сурах хүсэл сонирхлыг нь дэмжих зорилгоор “ХИЧЭЭНГҮЙ ОЮУТАН” тэтгэлэг олгох ёслолыг Оюутны хөгжлийн төвөөс жил бүр зохион байгуулдаг.
Энэхүү тэтгэлэгт хүсэлт ирүүлсэн 30 гаруй суралцагчаас шалгуур хангасан дараах найман суралцагчийн сиси дансанд нэг сая төгрөг олгоно.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд Оюутны хөгжил эрхэлсэн проректор доктор, профессор Г.Галбаяр, Оюутны хөгжил бодлогын газрын дарга, доктор В.Дашдаваа, Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч, доктор М.Эрдэнэчимэг, Оюутны хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг нар тэтгэлэгт шалгарсан суралцагчдад сурлагын өндөр амжилт хүсэн тэтгэлгийн батламжийг гардуулан өглөө.
Хичээнгүй оюутан тэтгэлэгт шалгарсан суралцагчид
- МТЭС-ийн Программ хангамж хөтөлбөрийн III түвшний суралцагч Г.Батзориг,
- ШУС-ийн ХУС-ын Гадаад хэл, орон судлал (Испани) хөтөлбөрийн III түвшний суралцагч Б.Намуун,
- ИТС-ийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн II түвшний суралцагч А.Отгонзул
Ирээдүйн сэхээтэн тэтгэлэгт шалгарсан суралцагчид
- ШУС-ийн ХУС-ын Багш, монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн II түвшний суралцагч А.Жадамба,
- Урлаг судлал хөтөлбөрийн II түвшний суралцагч Д.Номинзаяа,
- НУС-ын Нийгмийн ажил хөтөлбөрийн II түвшний суралцагч Д.Долгормаа,
- БС-ийн Санхүү хөтөлбөрийн IV түвшний суралцагч Б.Ичинхорлоо,
- УТОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний суралцагч Б.Сумъяа
“Хичээнгүй оюутан” тэтгэлэгт шалгарсан суралцагчдыг төлөөлж МТЭС-ийн Программ хангамж хөтөлбөрийн III түвшний суралцагч Г.Батзориг болон “Ирээдүйн сэхээтэн” тэтгэлэгт шалгарсан суралцагчдыг төлөөлж УТОУХНУС-ийн Олон улсын харилцаа хөтөлбөрийн IV түвшний суралцагч Б.Сумъяа нар талархлын үгээ илэрхийллээ.
Тэтгэлгийн батламж гардуулах ёслолыг 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд боллоо.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ