МУИС, “Пост Биотик” ХХК-тай лицензийн гэрээ байгууллаа

Share Button

МУИС-ийн нэр дээр өмчлөлтэй 10-0004623 улсын бүртгэлийн дугаар бүхий “Чацарганатай шар буурцгийн синбиотик ундаа үйлдвэрлэх арга” нэртэй патентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Пост Биотик” ХХК-тай лицензийн гэрээ байгууллаа. Тус патентыг МУИС-ийн Биологийн тэнхимийн проф. Б.Батжаргал ахлагчтай судалгааны баг 2016 онд Оюуны өмчийн газарт мэдүүлж батлуулсан ба “Багш, оюутны старт-ап 2019” хөтөлбөрт амжилттай оролцож, багаараа хоёрдугаар байр эзэлж байсан юм.

Лицензийн гэрээ байгуулах уулзалтад МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, проф. Б.Баяртогтох, Сургалт эрхэлсэн проректор, проф. Б.Батжаргал, Технологи дамжуулах төвийн эрхлэгч, проф. Ш.Наранмандах, “Пост биотик” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Батмөнх болон төвийн мэргэжилтнүүд оролцлоо.

М.Батмөнх нь МУИС-д суралцаж байхдаа эхлүүлсэн судалгааны ажлаа үргэлжлүүлэн газар тариалан, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “Пост Биотик” ХХК-ийг үүсгэн байгуулсан ба дээрх гэрээний хүрээнд МУИС-ийн патентыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах ажлыг гүйцэтгэж ажиллаж, МУИС-д роялти оруулах, инноваци, технологи дамжуулалтын зөв менежментийн жишиг болох юм.

2012 оноос хойш МУИС-ийн нэр дээр нийт 50 гаруй шинэ бүтээлийн патент, ашигтай загвар бүртгэгдсэн бөгөөд эдгээр оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, дамжуулах, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх, шинэ технологийг лабораторийн судалгаа туршилтаас үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаа чухал нөлөөтэй юм.

Төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгч та бүхнийг МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, Технологи дамжуулах төвтэй хамтарч ажиллахыг урьж байна.

 

Технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар