МУИС-ийн Оюутны хөгжлийн төв 12 дугаар ангиа төгсөж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, элсэлтийн шалгалтад амжилт гаргахад нь туслах зорилгоор элсэлтийн шалгалт өгдөг хичээлүүдийн холбогдох тэнхимийн мэргэжлийн багш нар, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран сургалт-арга зүйн зөвлөгөө өгөх “МУИС-ИЙН СОРИЛГО-2024” арга хэмжээг батлагдсан удирдамж, хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Элсэлтийн шалгалт өгдөг 10 хичээл тус бүрийн дагуу МУИС-д элсэн орох мэргэжлийн хөтөлбөрүүд хийгээд МУИС-ийн элсэлтийн цахим системийн талаар уг арга хэмжээний үеэр тогтмол заавар зөвлөгөө өгч байна. МУИС-ийн элсэлтийн онцлог, цахим системийн зураглал хийгээд хичээл тус бүрээр элсэлтийн шалгалтад амжилттай бэлтгэх сургалт-арга зүйн зөвлөгөөг МУИС-ийн албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулж байгаа ба уг бичлэгийг улсын бүх 12 дугаар ангийн хүүхдүүдэд хүргэхээр ажиллаж байна.
“МУИС-ИЙН СОРИЛГО-2024” өдөрлөг, арга хэмжээний хүрээнд Байгаль (Биологи, Хими, Газар зүй), Нийгэм (Нийгэм судлал, Түүх), Хүмүүнлэг (Монгол хэлбичиг)-ийн ухааны тодорхой хичээлүүдээр СОРИЛГО-ОЛИМПИАД зохион байгуулах юм. Хуваарийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 16-ны Бямба гарагийн 14:00 цагаас “Монгол хэлбичиг”-ийн сорилго-олимпиадыг Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, БЭЛАС-ийн монгол хэлбичгийн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа. Сорилго-олимпиадад Улаанбаатар хотын 100 гаруй сургуулийн 233 сурагч оролцож;
- Тэргүүн байрыг Нийслэлийн ЕБ-ийн Оргил сургуулийн 12а ангийн сурагч Волоожийн Энхзул,
- Дэд байрыг Нийслэлийн ЕБ-ийн 31-р сургуулийн 12в ангийн сурагч Мөнхтулгын Халиун,
- Гутгаар байрыг МУИС-ийн БЭЛАС-ийн 12а ангийн сурагч Түвшинбаатарын Нандин-Эрдэнэ,
- Тусгай байрыг Нийслэлийн ЕБ-ийн 5 дугаар сургуулийн 12е ангийн сурагч Батдэлгэрийн Уярал,
- Нийслэлийн ЕБ-ийн 23 дугаар сургуулийн 12в ангийн сурагч Батжаргалын Аззаяа нар тус тус эзэлж, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа. Шагналт байр эзэлсэн хийгээд уг сорилго-олимпиадад оролцсон нийт сурагчдад талархал илэрхийлж, элсэлтийн шалгалтад нь амжилт хүсье.
Монгол хэлбичгийн сорилго-олимпиадыг амжилттай байгуулахад оролцсон Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн профессор багш нар, БЭЛАС-ийн Монгол хэл бичгийн багш нар, Багш монгол хэл, уран зохиолын боловсрол хөтөлбөрийн 3 дугаар ангийн оюутнуудад, сурагчдаа сорилго-олимпиадад оролцуулсан Нийслэлийн ерөнхий боловсролын ахлах сургуулиудад талархал илэрхийлье.
Шалгалтын даалгавар 40 оноогоор хэмжигдэх бөгөөд бүртгүүлэгч нарын дүнг бүртгэлийн дугаараар жагсаан гаргалаа. ЭНД ДАРЖ үзнэ үү.
МУИС-ийн Оюутны хөгжлийн төв