Өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монгол улсын их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх ажлын талаар уулзалт, хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтанд БОНХЯ-ны дэд сайд Б.Тулга, тус яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Чулуун, Экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтсийн дарга А.Энхбат, мэргэжилтэн Г.Хоролмаа, Ц.Мөнхтогтох болон МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Галтбаяр, Эрдэм шинжилгээ инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Ганзориг, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал И.Бямбахүү, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд оролцож, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлынхаа биелэлтийг хэлэлцэн дүгнэж мөн цаашид хамтран ажиллах ажлын төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.
БОНХЯ 2013 оныг “Байгаль орчны боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан МУИС-ийн Байгаль эх-лицей ахлах сургуультай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд, ахлах, ангийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөр сургалт, байгаль орчин, экологийн боловсролыг дэмжихэд чиглэсэн хурал зөвлөгөөн зохион байгуулахаар ярилцав.
Мөн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Биологи биотехнологийн сургууль, Хими, химийн инженерчлэлийн сургууль, Мэдээллийн технологийн сургууль, Математик компьютерийн сургууль, Геологи газарзүйн сургуулиудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Байгаль орчин, экологийн салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, үндэсний болоод олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өмнөх жилүүдийн хамтын ажиллагааны чиглэлээ улам өргөжүүлэн ажиллахаар боллоо.