“Бадрах-Энержи” ХХК болон МУИС, ШУТИС-тай хамтарсан “Газар доор уусган олборлох технологи” (In-situ recovery technology) зургаан модуль сургалтыг 2024 оны 3, 4-р сард зохион байгуулсан. Сургалтын хаалтын үйл ажиллагааг 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Багш, оюутны хөгжлийн төвийн 502 хурлын танхимд амжилттай зохион байгуулав.
Энэхүү сургалтад МУИС-ийн Инженер Технологийн Сургууль, ШУС-БУС-ын Геологи, геофизикийн тэнхим, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн 30 оюутан залуус, 12 эрдэмтэн багш, докторантууд оролцсон бөгөөд Франц Улсаас “Орано Майнинг” компанийн Дэд ерөнхийлөгч, экспертүүд, “Орано Майнинг” коллежийн профессор багш нар хүрэлцэн ирж 10 өдрийн, зургаан модуль сургалтыг удирдан явуулсан юм.
МУИС болон “Бадрах-Энержи” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр байгуулан ажиллаж байгаа билээ. Санамж бичигт тусгагдсан ажлууд эхнээсээ биеллээ олж байгаагийн бодит жишээ нь энэхүү сургалтын үйл ажиллагаа юм.