“Үндэсний бичиг үсгийн баяр – 2024” өдөрлөг боллоо

Share Button

МУИС-ийн Номын сангаас жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний  бичиг үсгийн баяр”-ыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү арга хэмжээний хүрээнд ховор ном сонирхогчдын хувийн цуглуулгад болон эрдэм шинжилгээний хүрээлэн, номын сангуудад хадгалагдаж байгаа ном судруудыг олон нийтэд танилцуулах, өөрсдийн сан хөмрөгийг баяжуулах зорилгоор “Бичгийн мэргэдийн оюуны өв” сэдэвт ховор судар бичгийн үзэсгэлэнг зохион байгууллаа. Үйл ажиллагааг дэмжин ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх – Угсаатны зүйн хүрээлэн номын сангийн хадгаламжаас сонирхуулсан бол урлаг судлалын доктор С.Бадрал хувийн цуглуулгын дээжээсээ монголчуудын хэрэглэж ирсэн санскрит, тод, соёмбо үсгийн цагаан толгойг дэлгэн үзүүллээ.

Оюутнуудын дунд үндэсний бичгийн өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор уран бичлэгийн уралдааныг 2011 оны “Болор цом”-ын эзэн яруу найрагч До.Болдхуягийн “Монгол хэл” шүлгээр зохион байгуулав. Уг уралдааны шалгаруулалтад яруу найрагч, доктор До.Болдхуяг оролцож, өөрийн зохиосон “Монгол хэл” шүлгийн бүтээгдсэн түүхээс сонирхуулж, шүлгээ уншиж, оюутнуудтай уран бүтээлийн уулзалт хийсэн юм.

Уран бичлэгийн уралдаанд МУИС-ийн оюутнуудаас гадна Ерөнхий боловсролын 111 дүгээр сургуулийн V ангийн сурагч Г.Эгшиглэн оролцсоноороо онцлог байлаа. Уралдааны шүүгчээр МУИС-ийн утга зохиол урлаг судлалын тэнхимийн магистрант Дэгжилт ажиллахын сацуу өөрийн бийрэн бичлэгийн үзэсгэлэнг дэлгэлээ.

Уран бичлэгийн уралдаанд

  •  Тэргүүн байр Ч.Өнөрзаяа
  •  Дэд байранд Н.Уранмандал
  • Гутгаар байр Ү.Энхжин нар шалгарав.

Өдөрлөгийн үеэр МУИС-ийн номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй үндэсний бичиг үсэгтэй холбоотой бүтээлийн сэдэвчилсэн үзэсгэлэн, яруу найрагч Р.Чойном болон бусад яруу найрагчийн шүлгийн бүтээлээр бичсэн бийрэн бичлэгийн үзэсгэлэнг тус тус гаргаж уншигч, ховор ном сонирхогчдод танилцууллаа.

Үйл ажиллагаанд Ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Т.Ундрах, 2 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш П.Гэрэлмаа нар IV ангийн шавь нарын хамт хүрэлцэн ирж, монгол бичгийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

МУИС-ийн Номын сан

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар