
Танд МУИС-ийн Удирдах зөвлөлд сонгогдсонд баяр хүргэе. УЗ-ийн чиг үүргийн талаар товч танилцуулаач?
Баярлалаа, Итгэл хүлээлгэн төлөөллийн ардчиллын болон хамтын удирдлагын энэ хариуцлагатай байгууллагад сонгосонд нийт багш нартаа талархал илэрхийлье.
МУИС-ийн Дүрэмд зааснаар МУИС-ийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- МУИС-ийн дүрэм, хөгжлийн бодлого, стратегийг батлах, тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах
- Хөрөнгө оруулалт, төсвийг батлах, зарцуулалтанд хяналт тавих
- Сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох
- МУИС-ийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх
- МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэж шийдвэрлэх
- Харьяа дээд сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэн эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх
- МУИС-ийн захирлын ажлын байрны тодорхойлолтын талаар санал боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх
Шинээр сонгогдсон УЗ-ийн талаар танилцуулна уу?
Хуульд заасны дагуу МУИС нь үүсгэн байгуулагч, багш, төгсөгч, суралцагчийн төлөөлөл бүхий Удирдах зөвлөлтэй байдаг. МУИС-ийн дүрмээр бол Удирдах зөвлөл нь 25 гишүүнтэй байна. Үүний 13 нь үүсгэн байгуулагчийн, 5 нь багш, эрдэм шинжилгээний ажилтны, 5 нь төгсөгчийн, 2 нь суралцагчийн төлөөлөл байна.
Харин энэ удаа өөрчлөлт орж бүрэлдхүүний хувьд арай өөр болжээ. Тухайлбал, Үүсгэн байгууллагчаас 11 хүн, Багш нараас 5 хүн, Оюутны төлөөлөл 4 хүн, Төгсөгчийн төлөөлөл 1 хүнтэй байхаар болсон аж. Одоогийн байдлаар Багш нараас ЭЗС-ийн Э. Мөнхочир багш, ГХСС-ийн С.Баттулга багш, ХЗС-аас С.Нарангэрэл багш, МКС-аас Д.Гармаа багш, НШУС-аас О.Мөнхбат гэсэн таван хүн нууц санал хураалтаар сонгогдсон. Харин бусад байгууллагын төлөөллийг албан ёсоор мэдэгдээгүй байна.
МУИС-ийн УЗ-д шинээр сонгогдсон хүний хувьд юунаас эхлэхээр зэхэж байна вэ?
Холбогдох хууль, дүрэм журмаас нь үзвэл УЗ нь МУИС-ийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төлөөллийн байгууллага юм л даа. Сүүлийн жилүүдэд харамсалтай нь захиргааны хавсарга байдалтай, жилдээ ганц хуралдаад төсөв баталсан маягтай идэвхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн юм шиг санагддаг. Эрдмийн хамт олон багш нар ч ийм байдалд сэтгэл дундуур байдаг нь хүмүүстэй уулзаж ярьж хөөрч явахад мэдэгддэг л дээ. Тийм ч учраас энэ байдлыг өөрчлөх гэсэн үүднээс энэ удаагийн сонгуульд багш нар маш идэвхтэй оролцож саналаа өгсөн. УЗ-д багш нараа төлөөлж ажиллах хүний хувьд МУИС, түүний багш нарын ашиг сонирхлыг хамгаалах, сургуулиа хөгжүүлэхэд хүч гарган ажиллана. Сонгогдсон нийт багш нар маань ч ийм бодолтой, төлөвлөгөөтэй байгаа.
Эн тэргүүнд төсөв, хөрөнгө оруулалтын тал дээр анхаарч ажиллана. МУИС-ийн төсөв голлон оюутны төлбөрөөс бүрддэг атал төлбөрийн асуудал хамгийн улстөржсөн, улстөрчдийн явцуу эрх ашгаа хамгаалах арга хэрэгсэл болсон зүйл. Сургалтын төлбөрийн хэмжээ үзүүлж байгаа үйлчилгээний чанар, цар хүрээтэй нийцсэн дүйцсэн байх ёстой асуудал гэтэл үнэн хэрэг дээрээ МУИС-ийн одоогийн төлбөр 3 сарын хэлний дамжааны төлбөрөөс ч бага байна шүүдээ. Хэрэв төр төлбөр бага байх ёстой гэж үзэж байгаа юм бол сургалт эрдэм шинжилгээ, багш нарын нийгмийн тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэхэд зориулж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв ингэж чадахгүй бол зах зээлийн жамаар төлбөр хураамж зохицуулагдах ёстой биз дээ. Энэ тал дээр УЗөвлөл дарга нарыг аялдан дагалдах биш харин идэвхтэй байр суурьтай, дуугарч чаддаг байхад хүч анхаарлаа тавина.
Түүнчлэн МУИС-ийн бүтцийн асуудлыг эргэж харах ёстой. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн боловсон хүчин бэлдэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэхэд зөв зохистой бүтэцтэй байх нь шийдвэрлэх үүрэгтэй гэж боддог.
Мөн МУИС-ийн төв удирдлага, салбар сургууль нэгжийн удирдлагын түвшинд ил тод, хариуцлагатай байх, төвлөрлийг сааруулахад онцгой анхаарна. Бүхэл нийгмийн хэмжээнд Сайн засаглал, ардчиллын зарчмыг хөгжүүлэх, түгээн тархаахад МУИС-ийн багш нар голлох үүрэг гүйцэтгэдэг атлаа ажиллаж байгаа сургуульдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлж чадахгүй бол ёстой нөгөө “Загасчны морь усгүй” гэдгийн үлгэр болно биз дээ.
Наад зах нь санхүүгийн тайлан ил тод, хэрэглэгчид ээлтэй байж, хэн гэдэг дарга нь хэдэн төгрөгийг хэрхэн зарж байгааг хамт олон нь мэддэг, хянадаг байх ёстой. Багш нарыг аттестчилалд оруулахдаа өчнөөн олон шалгуураар шалгаж, комисс хүртэл байгуулдаг биз дээ. Гэтэл сургуулийн удирдлага дарга нар нь болохоор энэ бүхнээс хол чөлөөтэй, жилд нэг удаа нийт багш нарын хийснийг нэгтгэж хэвлээд л “Май энэ миний тайлан” гэж нэр зүүгээд “гар газар хөл хөсөр” яваад байж болохгүй шүүдээ. Наад зах нь сургуулиудын захиралууд ерөнхий менежерийн хувьд сургалт, ЭШ-г хөгжүүлэх, мөнгө санхүү босгох, гадаад харилцааг бодитой хөгжүүлж, багш нараа сургах мэргэшүүлэхэд ямар идэвх санаачлага гаргаж ажилласан зэргийг нь хардаг, үнэлдэг тогтолцоотой байх ёстой.
Багш нарын нийгмийн асуудлыг шийдэхэд захиргааг идэвхтэй ажиллахыг шаардаж шахах болно. Сүүлийн 20 жилд ганц өрөө байр барьж багш нараа оруулж чадаагүй цөөхөн сургуулийн нэг нь МУИС болоод байна. Уул нь санаачлагатай ажиллахад МУИС шиг нэр хүндтэй сургуулийн хувьд болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ.
Ер нь хийхээр бодож байгаа зүйл олон байна. Эцэст нь МУИС-ийн багш нараас сонгогдсон хүмүүсийн хувьд зоригтой, шаардлагатай, эрдмийн хамт олны итгэл найдварыг дааж ажилланаа гэж бодож байгаа.
Ярилцлага өгсөнд баярлалаа, Танд амжилт хүсье
Баярлалаа.