МУИС-ийн ректорын мэндчилгээ

Share Button

Монгол Улсын ууган их сургууль, улс орны хөгжлийн тулгуур, эрдэм мэдлэгийн уурхай болсон үндэсний тэргүүлэх сургууль маань 82 дахь шинэ хичээлийн жилээ нээж байна. МУИС хэмээх эрдмийн овогтой оюутан залуус, эрдэмтэн багш, ажилтан албан хаагч, төгсөгч та бүхэндээ шинэ хичээлийн жилийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье!

МУИС 2024-2025 оны хичээлийн жилд 3500 гаруй шинэ элсэгчээр бүл нэмж, нийт 1500 орчим багш, ажилтан, 20000 орчим оюутантайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байна.

Шинэ хичээлийн жил бүр бид баримтлах бодлого, хэрэгжүүлэх зорилтоо тодорхойлж, үйл ажиллагаагаа зохион байгуулдаг бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилийг сургалтын чанар, оюутны хөгжил, судалгааны дэвшил гэсэн гурван түлхүүр үгээр томьёолж болно.

Сургалтын бодлогыг хэрэгжүүлэхдээ танхимын уламжлалт хэв загвараас цахим, зайн, танхим цахим хосолсон олон талт хэлбэрт шилжих бодит алхмыг хийнэ. Оюутны хөгжил бол МУИС-ийн бодлогын шинэчлэлийн гол орон зай байх бөгөөд олон улсын тэргүүлэх сургуулийн жишгээс суралцсан, оюутан суралцагчдынхаа бүтээлч санаачилгыг дэмжсэн, нийгмийн түүчээлэх залуусыг бэлтгэн гаргах бодит үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. МУИС Монгол Улсдаа судалгааны үзүүлэлтээр тэргүүлэхбайрыг эзэлж байгаа өнөөгийн байр суурийг бататгахын зэрэгцээ ахиц дэвшлийн төлөөх бодлогыг баримтлан анхаарна.

Сургалтын чанар, оюутны хөгжил, судалгааны дэвшлийн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг, таатай орчин, оновчтой бодлого, хариуцлагатай зохион байгуулалт туйлын чухал бөгөөд тэр бүхнийг удирдлагын шинэлэг менежментээр чиглүүлэх болно.

МУИС хэмээх эрдмийн овогтон хүн бүхэнд төрөлх сургуулийнхаа төлөө нэгэн сэтгэл, нэгдмэл зорилгын дор эрхээ хэрэгжүүлж, үүргээ ухамсарлан хамтдаа хичээхийг уриалж байна.

Нийт эрдэмтэн багш, ажилтан, Монгол сайхан орныхоо өнгө жавхаа, өөдрөг ирээдүйн түүчээ болсон оюутан суралцагч, төгсөгч Та бүхэнд сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.

Эрдмийн хэт цахиваас

Хөгжлийн гал бадармуй.

МУИС-ийн ректор Баянжаргалын Очирхуяг

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар