Монгол Улсын Их Сургууль, Японы Ришшо Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Share Button

  Япон Улсын Ришшо Их Сургуулийн Дэд захирал Ацуши Сүзүки Монгол Улсын Их Сургуульд 2024 оны есдүгээр сарын 13-ны өдөр айлчилж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

  Санамж бичгийн хүрээнд хоёр сургууль цаашид дараах чиглэлүүдээр хамтран ажиллах юм.

  1. Хамтарсан судалгаа хийх;
  2. Хамтарсан семинар, симпозиум, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  3. Багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
  4. Сургууль хооронд багш, оюутнуудыг урьж, судалгааны туршлага солилцох;
  5. Хоёр талын зохион байгуулсан сургалтын хөтөлбөр, зуны сургууль болон эрдэм шинжилгээний арга хэмжээнд харилцан оролцох;
  6. Судалгааны бүтээл, мэдээлэл солилцох.

     Уулзалтын эхэнд дэд захирал Ацуши Сүзүки ректор Б.Очирхуягт Ришшо Их Сургуулийн захирал Эичи Тэраогийн дэвшүүлсэн мэндчилгээг дамжуулан өгөв. Дэд захирал Ацуши Сүзүки хэлсэн үгэндээ, санамж бичгийн хүрээнд цаашид МУИС-тай олон салбарт хамтран ажиллах, тэр дундаа шашин судлал, хүрээлэн буй орчин судлалын чиглэлд ахисан түвшний оюутан солилцоо, хамтарсан судалгаа явуулах төлөвлөгөөтэй байгаагаа дурдав.

   Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн профессор С.Баттулга, Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч, профессор М.Отгонбаяр, Хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Г.Наргил, Ришшо Их Сургуулийн талаас дэд захирал Ацуши Сүзүки нар байлцлаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар