Монгол Улсын Их Сургууль нь Мобиком Корпораци ХХК-тай хамтран ажиллахаар болж, 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн захирал А.Галтбаяр, дэд захирал Ч.Ганзориг, Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Koichi Kawase, Бизнесийн албаны захирал Ц.Ганзориг, Техникийн ашиглалт үйлчилгээний албаны захирал А.Мөнгөнхуяг нар оролцсон юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан судалгаа шинжилгээний төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, сургалтын бааз, технологийн тоног төхөөрөмж, багш оюутны ур чадварыг нэмэгдүүлэх, физик электроник, мэдээллийн технологи, математик, компьютерын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, сургалтыг үйлдвэрлэлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, оюутан-сургууль-бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Мобикомд ажиллаж байгаа мэргэжлийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх, их сургуулийн дараах мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, мэргэжлийн судалгааны ажлуудад Мобикомын мэргэжилтнүүдийг хамруулах, Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадвар, нөхөн сэлбэх боломжийг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллах юм.