
МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, Инженер, технологийн сургууль (ИТС)-ийн захирал, профессор Ч.Сономдагва, Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга, дэд профессор Н.Эрдэнэ, ИТС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Баясгалан, ИТС-ийн Эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, дэд профессор Р.Чинзориг, ИТС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор Д.Батсүрэн, ШУС-ийн БУС-ийн Биологийн тэнхимийн профессор У.Айбек нар 2024 оны есдүгээр сарын 18-22-ны өдөр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Бугат хотын ШУТИС-ийн урилгаар “2024 Silk Road International Conference on the Cooperation and Integration of Industry, Education, Research and Application of Green Metallurgy and New Materials” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцов.
Энэхүү хуралд Хятад, Орос, Монгол, Австрали, Беларусь болон бусад улс орон, бүс нутгийн төлөөлөл 200 гаруй эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн, бизнесийн төлөөлөл оролцож, сүүлийн үеийн судалгааны үр дүн, хөгжлийн чиг хандлага, судалгаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тус хурлын хүндэт зочноор МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг оролцон, хурлыг нээж үг хэлэв.

Хурлын үеэр ӨМӨЗО-ны ШУТИС-ийн захирал, удирдлагуудтай цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, гэрээ байгуулан ажиллалаа. Тус хамтын ажиллагаагаар багш, оюутан солилцооны хөтөлбөр явуулах, хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэх, тодорхой чиглэлүүдээр сургалт зохион байгуулах талаар тохиролцон, гарын үсэг зурж баталгаажууллаа. (Зураг 4).

Мөн хурлын үеэр МУИС-ийн холбогдох зарим сургууль, алба, хэлтэс, профессоруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнгээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар уулзалт хэлэлцүүлэгт оролцов.

