Монголын нийгэмд ардчилсан нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг 30 гаруй жилийн турш хэрэгжүүлж, сургалт судалгааны чиглэлээр МУИС-тай хамтран ажиллаж ирсэн ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангаас МУИС-ийн Жендэр судлалын төвд таван мянган еврогийн үнэ бүхий сургалтын цогц тоног төхөөрөмжийг, тус сангаас эрхлэн хэвлүүлсэн номын хамт хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагаанд Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгч доктор Штефани Ханкэ, хөтөлбөрийн зохицуулагч Д.Мөнхцацрал болон МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал Ц.Цэцэгжаргал, тус төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Түмэнгэрэл, Жендэр судлалын төвийн багш, суралцагчдын төлөөлөл оролцож талууд цаашдын сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ийнхүү Жендэр судлалын төвийн сургалт, судалгааны бааз суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа нь тус төвийг үүсгэн байгуулсан МУИС-ийн есөн тэнхимийн 17 багшийн сургалт, судалгааны үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ, 2023 оны 12 сард батлагдан хэрэгжиж буй Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрт суралцаж буй 40 магистрантын суралцах орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.